Архи хэрэглэснээс хойш хэдэн долоо хоногийн дараа ч тархины үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлсэн хэвээр байдгийг Испани, Герман болон Италийн эрдэмтдийн олон улсын баг олж тогтоожээ.
Архины нөлөөгөөр тархины цагаан бодист гарч буй өөрчлөлтийг судалснаар, архи хэрэглэснээс хойш 6 долоо хоногийн дараа ч мэдрэлийн эсүүд доройтсоор байдгийг эрдэмтэд олж илрүүлжээ.
“Архи огт хэрэглээгүй үед ч тархинд ийм нөлөө үзүүлсээр байна гэдэгт итгэхэд бэрх юм” хэмээн судалгааны багийн ахлагч, Барселоны их сургуулийн профессор Сантьяго Каналс мэдэгдсэн байна.
Эрдэмтдийн явуулсан туршилтын үр дүнг “JAMA Psychiatry” сэтгүүлд нийтэлжээ. Судлаачид согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эмнэлэгт хүргэгдсэн 90 хүний тархины дүрс оношилгооны зургийг судалжээ. Туршилтад оролцогчид архи хэрэглэхээ болиод хэдэн долоо хоногийг өнгөрүүлсэн хэдий ч тархинд нь эс доройтох өөрчлөлт явагдсаар байгааг илрүүлсэн байна.
Эдгээр өөрчлөлтийг илүү сайн ойлгохын тулд эрдэмтэд хархнууд дээр туршилт хийж үзэхэд ижил зүйл ажиглагджээ. “Corpus callosum” буюу тархины хос бөмбөлгийг холбосон хэсэг болон гиппокамп буюу хүний сурах үйл явц, урт хугацааны ой тогтоолт, сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсэг энэхүү өөрчлөлтөд хамгийн их өртөж байжээ.
Архийг хэтрүүлэн хэрэглэх нь гиппокамп хэсэгт ноцтой хор хөнөөл учруулдгийг өмнө нь явуулсан судалгаануудын дүн харуулж байсан юм. Тархины тус хэсэг хэмжээгээрээ багасах нь ой тогтоолтод нөлөөлөх төдийгүй тархинд хэдийнээ хадгалагдсан мэдээллийг мартахад хүргэдэг байна.
Гэсэн хэдий ч архинаас бүрэн татгалзсанаар гиппокампын хэсэг хэвийн үйл ажиллагаандаа эргэж ордог эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байсан юм. Архинаас бүрэн татгалзаад 6 долоо хоног өнгөрсөн хэдий ч архи, согтууруулах ундаа нь тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсээр байдгийг энэхүү судалгааны дүн харуулсан байна.
24news.mn