“Samsung” компани эргэдэг камертай “Galaxy А80” шинэ ухаалаг утсаа лхагва гарагт танилцуулжээ. Тайландын нийслэл Бангкок хотод болсон хэвлэлийн бага хурлыг тус компанийн цахим хуудсаар шууд дамжуулсан байна.
Танилцуулах арга хэмжээг зохион байгуулагчид шинэ төхөөрөмжийнхөө техникийн үзүүлэлтүүдэд бус харин ер бусын камерт онцгой ач холбогдол өгчээ. Шинэ ухаалаг утас нь хүрээгүй дэлгэцтэй байна. Эргэдэг камер суурилуулснаараа “Samsung” компанийнхан нүүрэн талд нь тусдаа камер суурилуулах шаардлагагүй болсон байна. Хэрэглэгч селфи зураг авах үед үндсэн камер бүхий механикжсан модуль урагш гарч ирэн, камер бүхий панель нь нүүрэн тал руу эргэдэг аж.
“Galaxy A80” нь 48 мегапикселийн үндсэн камер, 123 градусын хэт өргөн өнцгийн линз бүхий 8 мегапикселийн камер болон 3D ToF /гэрэл гаргагч болон тухайн объектод ойсон гэрлийн тусгалын хурдыг хэмждэг тусгай мэдрэгч/ гэсэн гурван камертай байна. “Qualcomm Snapdragon 730” процессор суурилуулсан уг ухаалаг утас нь 6.7 инчийн дэлгэцтэй, 8 ГБ-ын санах ойтой, 128 ГБ-ын хадгалах хүчин чадалтай ажээ. “Galaxy А80” тавдугаар сарын 29-нөөс худалдаанд гарна.
24news.mn