Уганда улсаас орогнох эрх хүсэхийг Суданы Ерөнхийлөгч асан Омар аль-Баширт санал болгож магадгүй байна. Энэ тухай телевизийн “Africanews” суваг Угандагийн Гадаад хэргийн сайд Окелло Ориемагийн мэдээллээс иш татан уламжлав.
Омар аль-Баширыг гэрийн хорионоос гаргаж, Хартум хотын шоронд шилжүүлсэн гэж Суданы “Ахир Ляхза” сонин урьд нь мэдээлсэн байна. Түүнээс гадна өндөр албан тушаалын 11 хүнийг болон Суданы Ерөнхийлөгч асны хамтран зүтгэгч нарыг баривчлах зөвшөөрөл өгчээ.
“Хэрэв Омар аль-Башир Уганда улсаас орогнох эрх хүсвэл Ерөнхийлөгч энэ асуудлыг авч хэлэлцэж магадгүй” гэж Окелло Ориема хэлсэн байна. Түүний хэлснээр, Өмнөд Судан дахь мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээр байгуулахад зохих үүргийг түүнд зайлшгүй өгөх шаардлагатай аж. Тэрбээр Суданы цэргийнхэнд хандаж, ард түмнийхээ хүсэл зоригийг хүндэтгэхийг уриалаад, тус улсад засгийн эрхийг тайван замаар шилжүүлэн өгөх үйл явцыг Угандагийн эрх баригчид ажиглах болно гэдгийг мэдэгдсэн байна.
Суданд дөрөвдүгээр сарын 11-нд цэргийн эргэлт болж, тус улсын Ерөнхийлөгч Омар аль-Баширыг баривчилжээ. Маргааш нь цэргийн түр зөвлөлийн даргаар Абдельфаттах аль-Бурханыг томилж, тэрбээр Суданд тогтоосон хөл хорионы цаг болон онц байдлыг цуцалж буйг мэдэгдсэн байна. Цэргийн зөвлөл хоёр жил ажилласныхаа дараа засгийн эрхийг иргэний засаглалд шилжүүлэн өгнө гэдгийг мөн мэдээлжээ. Омар аль-Баширыг төрийн эрхнээс зайлуулсны дараа ч Суданд эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Цэргийнхэн засгийн эрхийг иргэний засаглалд шилжүүлэн өгнө гэсэн амлалтаа биелүүлэхгүй байж болзошгүй гэж жагсагчид болгоомжилж байгаа аж.
24news.mn