2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Донбассын иргэдэд ОХУ-ын иргэншил олгох журмыг хялбаршуулжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс /БНДАУ/ болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсын /БНЛАУ/ иргэдэд Оросын иргэншил олгох журмыг хялбаршуулах тухай зарлиг гаргасан байна. Түүний зарлигийг Кремлийн цахим хуудсанд нийтэлжээ.

“Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим болон олон улсын эрх зүйн хэм хэмжээг удирдлага болгон, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор” ийм шийдвэрийг гаргасан байна.

Зарлигт Донбассын иргэд Оросын паспорт авахад бүрдүүлэх шаардлагатай баримт бичгүүдийг жагсаажээ. Иргэдийн хүсэлтийг судлах хугацаа гурван сараас хэтрэхгүй байх ёстой байна. Путиний зарлиг албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Одоогийн байдлаар энэ бүс нутгийн сая гаруй иргэн ОХУ-д байгаа бөгөөд ажил эрхлэх, түр оршин суух зөвшөөрөл зэрэг янз бүрийн бичиг баримттай аж. Түүнчлэн 77 мянган хүн түр орогнох эвсэл дүрвэгчийн статустай байна.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээллээр, 2014 оноос хойш Украины 360 мянган иргэн Оросын иргэншил авчээ.

Барууны хариу мэдэгдэл

Өөрийгөө зарлан тунхагласан БНДАУ болон БНЛАУ-ын иргэдэд иргэншил олгох журмыг хялбаршуулах ОХУ-ын эрх баригчдын шийдвэр нь өдөөн хатгасан шинж чанарыг агуулж байна гэж Украины асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Курт Волкер мэдэгджээ.

Түүний хэлснээрр, Донбасс болон тус бүс нутгийн ард иргэд бол хэлний сонголтоос үл хамааран Украиных юм.

Украины нийслэл Киев хот дахь АНУ-ын Элчин сайдын яам мөн Москвагийн шийдвэрийг буруушаагаад, уг шийдвэрийг “учир утгагүй бөгөөд бүс нутгийн тогтворгүй байдлыг даамжруулна” гэж мэдэгджээ.

Путиний шийдвэрийг Францын эрх баригчид мөн бураашаасан байна. Энэ шийдвэр нь “Минскийн гэрээтэй зөрчилдөж байгаа бөгөөд мөргөлдөөнийг шийдэхэд чиглэсэн хүчин чармайлтад сөргөөр нөлөөлнө” гэж Киевт суугаа Францын Элчин сайд Изабель Дюмон мэдэгдсэн байна.

Москвагийн өгсөн тайлбар

Иймэрхүү мэдэгдлүүдэд ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова тайлбар өгсөн байна. “Донбассын иргэдэд Оросын иргэншил олгох журмыг хялбаршуулах шийдвэр гаргасанд өөрт нь итгэж байсан хүмүүсээс ОХУ урвасан гэж хэдэн жилийн турш баримт тоочсон хүмүүс бусдаас илүү их эгдүүцэж байна” гэж тэрбээр Facebook дэх хуудсандаа бичжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.