БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо цэцэрлэгжүүлэлтийн дэлхийн хамгийн том олон улсын үзэсгэлэнг өнгөрсөн ням гарагт нээжээ.
“Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан ногоон хөгжлийн концепцийг дэлхийн өнцөг булан бүрт түгээнэ” хэмээн найдаж буйгаа БНХАУ-ын дарга Си Жиньпин нээлтийн ёслолын үеэр илэрхийлсэн байна.
“Цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн-2019” нь 1999 онд Кунмин хотод болсон Цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн, 2010 оны Шанхай хотын дэлхийн экспо, 2018 оны олон улсын импортын анхны үзэсгэлэнгийн дараа жагсах өндөр түвшний, өргөн хүрээг хамарсан үзэсгэлэн болж байна.
“Хятад улс дэлхийн ногоон хөгжилд гар бие оролцогчийн байр сууриас хувь нэмрээ оруулагч, цаашлаад тэргүүлэгчийн түвшинд хүрч дэвшсэнийг энэ үзэсгэлэн харуулж байна” гэж тус улсын Экологи, хүрээлэн буй орчны сайд У Шунзэ хэлжээ.
“Өндөгнүүдийн төлөө тахианы амийг тасалж, загаснуудын төлөө нуурыг ширгээх” хөгжлийн загвар нь мөхлийн төгсгөл гэдгийг Си Жиньпин онцлоод, “Байгалийн зарчимд нийцсэн, байгаль орчинд ээлтэй хөгжил нь ирээдүйг гэрэлтүүлэх болно” гэж нэмж хэлжээ.
“Хятад улс ногоон хөгжлийг дэмжих чиглэлийг тэргүүлж эхэлсэн. Манай улсын Засгийн газар “Үзэсгэлэнтэй Хятад улс”-ыг бүтээхийн тулд экологид ээлтэй хөгжлийг дэмжиж байгаа. НАСА-гийн хиймэл дагуулуудын хоёрдугаар сарын мэдээллээс үзэхэд, дэлхий дахинд 2000-2017 онд шинээр бий болсон ногоон бүсүүдийн 25 орчим хувийг Хятад улс дангаараа бүрдүүлсэн” гэж БНХАУ-ын дарга хэлжээ.
“Ногоон амьдрал, сайхан амьдрал” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй Цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн-2019 нь БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан энэ онд зохион байгуулах олон улсын томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. 162 хоног үргэлжлэх уг арга хэмжээнд нийт 110 орон, олон улсын байгууллага оролцох ажээ.
24news.mn