2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Хондурасын иргэдийг албадан нутаг буцаажээ

Хондурасын 100 гаруй иргэнийг албадан нутаг буцаасан тухай Мексикийн Цагаачлалын алба мэдээлжээ.

Тус албанаас мэдээлснээр, Мексикт түр байх журмыг зөрчсөнтэй холбоотойгоор 104 иргэнийг албадан нутаг буцаажээ. Хондурас улсын эдгээр цагаачийг Веракрус мужаас нисэх онгоцоор нутагт нь буцаасан байна.

Төв Америкийн орнуудын цагаачид өнгөрсөн оны намраас эхлэн Мексикийн нутгаар дамжин АНУ-ыг зорих больсон билээ. Мексикийн Цагаачлалын үндэсний хүрээлэнгийн дарга Тонатиу Гильена Лопесын дөрөвдүгээр сарын 23-нд мэдээлснээр, сүүлийн 30 хоногт тус улсаас 15 мянга орчим цагаачийг Төв Америкийн улсууд руу буцаасан байна. Энэ оны эхний гурван сарын хугацаанд Мексикийн хилээр нийтдээ 300 мянган цагаач нэвтэрсэн гэж тус улсын Дотоод хэргийн сайд Ольга Санчес Кордеро мэдээлжээ.

Хэрэв цагаачдын урсгалыг зогсоох арга хэмжээ авахгүй бол АНУ Мексиктэй залгаа хилээ хааж, цэргүүдээ тараан байрлуулахаас аргагүйд хүрнэ гэж Дональд Трамп мэдэгдсэн билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.