2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Boeing” компанийн эсрэг дахин гомдол гаргажээ

Этиоп улсын агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцны ослоор 10 садан төрлөө алдсан Канадын хоёр иргэн “Boeing” компанийн эсрэг АНУ-ын Иллинойс муж улсын шүүхэд гомдол гаргасан байна. Энэ тухай “Bloomberg” агентлаг гомдол гаргасан хүмүүсийн өмгөөлөгчдийн мэдээллээс иш татан уламжлав.

“Boeing” компанийнхан “737 MAX”-ийн зураг төслийг гаргахдаа болон гэрчилгээжүүлэхдээ хайхрамжгүй хандсан бөгөөд улмаар нисэх онгоцны хамар хэсгийг тэгшилдэг автомат систем идэвхжсэн нь ослын шалтгаан болсон байж магадгүй гэж гомдол гаргасан хүмүүс үзэж байгаа аж. “Хэрэв “Boeing” компанийнхан өөрсдийн хайхрамжгүй байдлыг үгүйсгэвэл бид тэдний АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газартай харилцсан бүх цахим захидал болон мэдээллүүдийг нийтлэх хүсэлт гаргана” гэж тэдний өмгөөлөгчид мэдэгджээ.

Гомдол гаргасан Канадын хоёр иргэний нэг болох Манант Вайдья өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд Этиопт болсон онгоцны ослоор эцэг, эх, эгч, эцэг нэгтэй ах, хоёр зээ охиноо, хоёр дахь хүн болох Поль Ньороге нь эхнэр, гурван хүүхдээ алдсан байна. Гомдол гаргасан талаар “Boeing” компанийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.