АНУ нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд болон бөмбөгдөгч онгоцуудаа Ираны эрэг рүү илгээж байгаа бөгөөд Америк болон тус улсын холбоотнуудын ашиг сонирхолд халдсан тохиолдолд хүч хэрэглэхэд бэлэн байна. Ийм мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жон Болтон хийжээ.
"Биднийг түгшээсэн дохио, бидэнд учирч буй аюул занал улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ "Авраам Линкольн" тэргүүтэй нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудаас бүрдсэн цохилтын бүлгийг болон бөмбөгдөгч онгоцуудын тактикийн бүлгийг Ойрхи Дорнод дахь АНУ-ын Төв командлалын бүсэд байрлуулж байна. Энэ бол АНУ эсвэл манай холбоотон улсуудын ашиг сонирхолд халдах гэсэн аливаа оролдлогын хариуг тэр даруй барих болно гэдгийг ойлгуулахын тулд Ираны дэглэмд илгээж буй тодорхой, хоёрдмол утгагүй дохио юм” гэж Болтоны мэдэгдэлд дурджээ.
"АНУ Ираны дэглэмтэй дайн хийхийг хүсэхгүй байна, гэхдээ бид Иран улстай холбоотой байгууллагуудын зүгээс Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус эсвэл Ираны Зэвсэгт хүчний зүгээс хийх аливаа халдлагад хариу арга хэмжээ авахад бэлэн байна” гэж тэрбээр мөн цохон тэмдэглэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны Зэвсэгт хүчний элит анги нэгтгэл болох Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусыг /ЛХХК/ гадаадын террорист байгууллагуудын жагсаалтад оруулах шийдвэрийг дөрөвдүгээр сарын 8-нд гаргасан билээ. ЛХХК “террорист үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ийм ажиллагааг төрийн бодлогын хэрэгслийн хувиар ашиглаж, санхүүжүүлж байна” гэж үзэн ийм арга хэмжээ авчээ.
Үүний хариуд Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалыг террорист байгууллагуудын тоонд орууулсан юм. Холбогдох хуулийн төслийг Ираны парламент дөрөвдүгээр сарын 23-нд олонхын саналаар баталсан бол тус улсын Ерөнхийлөгч Хасан Роухани дөрөвдүгээр сарын 30-нд гарын үсэг зурсан байна.
24news.mn