2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Тайландын “Майя” эргийг 2021 он хүртэл хаана

Тайландын Ко Пхи Пхи Лех арлын “Майя” эргийг сонгон аялах жуулчдын тоо хэт их нэмэгдэж, байгаль орчинд сөрөг нөлөө учрах болсонтой холбоотойгоор уг эрэг дээрх аялал жуулчлалын үйл ажиллагааг 2021 он хүртэл түр зогсоохоор болжээ.

Энэхүү эргийг түр хаах шийдвэрийг өнгөрсөн оны 10 дугаар сард гаргаж байсан юм. Тухайн үед арал дээр өдөрт 5000 хүртэлх тооны жуулчин ирдэг байсан нь “Майя” эргийн эргэн тойрон дахь шүрний ихэнхийг сүйдэхэд хүргэсэн байна.

“Майя” эргийн экологийг нөхөн сэргэхэд илүү их цагийг олгох үүднээс Тайландын эрх баригчид арлын аялал жуулчлалын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрээ дахин хоёр жилээр сунгажээ.  

Алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн 2000 онд тоглосон “The Beach” киноны зураг авалтыг хийсний дараа “Майя” эрэг нь Тайланд улсыг сонгон аялах жуулчдын зорих дуртай газруудын нэг болсон байна.

Тайландын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэлтсийн төлөөлөгч Тхон Тхамронгнавасаватын мэдээлснээр, эрэг дээр жуулчдыг дахин хүлээн авч эхлэх үед тэдгээрийн тоог хязгаарлаж, завиар аялахыг хориглохоор төлөвлөж байгаа ажээ.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.