Мексикийн нийслэл Мехико хотоос Японы Нарита олон улсын нисэх буудлыг зорин хөөрсөн нисэх онгоцонд нас барсан Японы иргэний ходоодноос 246 хэсэг кокаин илэрсэн байна.
Япон зорчигч таталт өгч эхэлсэнтэй холбоотойгоор нисэх онгоц Мексикийн Сонора мужийн Эрмосильо хотод ослын буулт хийжээ. Эрх баригчдын мэдээлснээр, Японы иргэн Үдо Эн мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй тархины хавангийн улмаас нас барсан ажээ.
“Үдо Эний ходоодонд хийсэн задлан шинжилгээгээр илэрсэн мансууруулах бодиснуудын уут 2.5 сантиметр урт, 1 сантиметр өргөн байсан” гэж Сонора мужийн Ерөнхий прокурорын мэдэгдэлд дурджээ.
Нисэх онгоц Эрмосильо хотод ослын буулт хийсний дараа бусад 198 зорчигч аяллаа цааш үргэлжлүүлжээ. Мексикийн цагдаагийн газрын төлөөлөгчид уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
24news.mn