Вьетнамын нийслэл Ханой хотноо өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын дараа цаазлуулсан гэгдэж байсан АНУ-ын талаар баримтлах бодлого хариуцсан тусгай төлөөлөгч Ким Хёк Чоль амьд байгаа талаар уг нөхцөл байдалд ойр эх сурвалжууд мэдээлжээ.
Трамп-Ким нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсонтой холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд жил гаруйн өмнө хэлэлцээний ширээнд суусан өндөр түвшний төлөөлөгчдийн нэг Ким Хёк Чолийг цаазалсан талаар БНСУ-ын “Chosun Ilbo” сонин өнгөрсөн баасан гарагт БНАСАУ-ын нэрээ нууцалсан эх сурвалжийг иш татан мэдээлсэн юм.
Үүний зэрэгцээ Чаган мужийн дахин хүмүүжүүлэх төв рүү илгээсэн хэмээн мэдээлж байсан АНУ-тай хийж буй цөмийн хэлэлцээний гол төлөөлөгч асан Ким Ён Чоль өнгөрсөн ням гарагт БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны хамтаар урлагийн тоглолт үзэж сонирхсон талаар тус улсын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн билээ.
Энэхүү явдлын дараа “Chosun Ilbo” сониныг мэдээллийнхээ үнэн зөв байдлыг тодруулахыг мэргэжилтнүүд шаардсан байна. Энэ талаар “CNN” сувгийн ажилтнууд “Chosun Ilbo” сониноос лавлахад, “уг мэдээлэл буруу байсан” хэмээн хариулжээ.
24news.mn