Дөнгөж сая хуульч, өмгөөлөгч Б. Гантулга АТГ-ын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Сэтгүүлчид түүнээс ямар учраас АТГ-т хандаж байгаа талаар тодруулсан юм. Хуульч, өмгөөлөгч Б. Гантулга “Нэгдүгээрт иргэнийхээ хувьд, хоёрдугаарт хуульч өмгөөлөгчийнхөө хувьд АТГ-т авлигач шүүгч нарын талаар гомдол гаргаж байна. Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгч нарыг сонгон шалгаруулдаг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Дотоод аудитын газрын дарга С.Мөнхтөр, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т. Мэндсайхан нар бүлэглэн төсвийн хөрөнгө, шүүгч болохыг хүссэн иргэдийн мөнгийг завшсан бгэдзэг нь илэрсэн учир дараах гомдлыг гаргаж байна.
Шүүгч болох итгэл үнэмшилтэй иргэдийн халаас руу хууль бусаар гараа дүрсэн байна. Шүүгч бэлтгэх сургалт гэх хууль бус журмыг ШЕЗ баталж, сургалт хийгээд олсон мөнгөө хамаарал бүхий шүүгчийн удирдлага холбоогоор дамжуулан завшсан байх юм. Хууль бус үйлдлээ зогсоож, эрх мэдлээ хэтрүүлсэн асуудлыг хууль ёсны байгууллага шалгахыг хүссэн албан тоотоо өнөөдөр өгч байна.
Тухайлбал дээр дурдагдсан хууль бус журмын хүрээнд ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо ТББ-д давуу байдал олгож хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
2018 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын Дуламсүрэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж таван сая төгрөг өгсөн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Түүнчлэн Т.Мэндсайхан уг хууль бус ажлаа далдлах зорилгоор өнөөдөр ШЕЗ-д нэрээ дэвшүүлээд байна.
Т. Мэндсайханыг Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллах хугацаанд нь 80 гаруй хүн шүүгчээр, 100 гаруй хүн шүүхийн захиргааны ажилтнаар томилогдсон байна. Тэрээр албан тушаалын байдлаа ашиглаж, өмнө нь томилсон хүмүүсээ өөрийгөө дэмжиж ажиллахыг санал болгосон байх юм.
Тухайлбал Увс, Ховд аймаг дахь шүүгч, шүүхийн ажилтнуудыг өөрийнхөө төлөө санал өгүүлэхээр наймаалцсан гэх мэдээлэл байна. Мөн хэрэг наймаалцдаг, ёс суртахуунгүй, сахилгын хороонд ажиллаж байхдаа мөнгө нэхдэг, албаны машинаар алт гаргаж байгаад баригддаг, авлигатай нэр холбогддог нэр бүхий шүүгч нар ШЕЗ-д нэр дэвшсэнийг шалгуулах болно. Иймд дээр дурдсан хүмүүсийн авлигын үйлдлийг шалгаж, хуульд заасан хариуцлага тооцохыг шаардаж байна гэсэн гомдлыг АТГ-т гаргалаа. Мөн гомдлынхоо нэг хувийг Ерөнхийлөгчид албан ёсоор хүргүүлнэ” гэв.
ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчид яригдаж байгаа энэ үед хууль бусаар эрх мэдлээ ашигласан хүмүүсийн мэдээлэл дэлгэгдэж, шүүх засаглалыг шударга байлгахын төлөө хичээх иргэдийн дуу хоолой улам нэмэгдэх бололтой.
Шударга бус мафажсан шүүх байгууллагын хууль бус үйлдлийг таслан зогсоохыг хүсч байгаагаа залуу хуульчид ийнхүү илэрхийллээ. Шударга үнэний төлөөх тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ гэж тэд хэлсэн юм.
24news.mn