2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Цагаачлалын хямралыг зохицуулах талаар хараахан тохиролцоогүй байна

Цагаачлалын хямралыг зохицуулах талаар Мексик болон АНУ-ын төлөөлөгчдийн хооронд Вашингтон хотод хийж буй хэлэлцээ хараахан үр дүнд хүрээгүй байна гэж Мексикийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Роберто Альварес твиттер хуудсандаа пүрэв гарагт мэдээлжээ.

“Хууль бус цагаачдын тоо нэмэгдсээр байгааг шийдэхийн тулд янз бүрийн хувилбарыг хэлэлцэж байна. АНУ цагаачлалд хяналт тавих арга хэмжээ авахыг харин бид цагаачлалын урсгал ирж буй бүс нутгуудыг хөгжүүлэхэд чиглэсэн гарцыг санал болгосон. Одоогоор бид тохиролцоонд хүрээгүй боловч хэлэлцээгээ үргэлжлүүлнэ” гэж Альварес бичсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын хилийн бүсэд үүссэн цагаачлалын хямралтай холбоотойгоор Мексикийн бараа бүтээгдэхүүнд зургадугаар сарын 10-наас эхлэн 5 хувийн татвар ногдуулахаар болсноо тавдугаар сарын 30-нд мэдэгдсэн юм. Хэрэв Мехико хууль бус цагаачлал төдийгүй мансууруулах бодисын наймааг таслан зогсоох дорвитой арга хэмжээ авахгүй бол ногдуулсан татварыг энэ оны 10 дугаар сар хүртэл сар бүр 5 хувиар нэмэгдүүлнэ гэдгийг тэрбээр анхааруулсан билээ.

Мексик болон АНУ-ын төлөөлөгчдийн хэлэлцээ зургадугаар сарын 5-нд Вашингтон хотод эхэлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.