Энэ оны эхэн үе хүртэл “Taxify” нэртэй байсан Эстонийн “Bolt” компани өрсөлдөөн ихтэй Лондоны таксины зах зээлд дахин нэвтэрнэ гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.
“Bolt” компани зорчигчдодоо хямд үнийг санал болгож, хамгийн том өрсөлдөгч болох “Uber” компанитай харьцуулахад жолооч нараасаа бага хувь авахаар төлөвлөж байгаа ажээ.
Лондон хот дахь “Uber” компанийн жолооч нар удаа дараа ажил хаяснаас хойш нэг сарын дараа “Bolt” компани ийнхүү мэдэгдсэн юм. Тус компанийн үүсгэн байгуулагч Маркус Виллигийн хэлснээр, энэ зах зээлд “Uber” компани монополчилж, “Uber”-н дундаж жолооч нар цалингийн доод хэмжээнээс багаар цалинжиж байгаа аж.
“Uber” компани хавсралтыг нь ашиглаж буй жолооч нараас 25 орчим хувь авдаг бол “Bolt” компани эхний хоёр сарын хугацаанд 7.5 хувь, цаашид 15 хувийг авахаар төлөвлөж байгаа ажээ.
Төв, Зүүн Европын орнууд болон Африкийн томоохон хотуудад үйл ажиллагаа нь өргөжиж буй “Bolt” компани 30 оронд 25 сая гаруй хэрэглэгчтэй болжээ. Тус компани нь Лондоны зах зээлд нэвтрэх анхны оролдлогоо 2017 онд хийж байсан боловч тус улсын эрх баригчид зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.
“Bolt” 2019 оны эхээр унаа дуудах үйлчилгээнд зөвхөн таксинаас гадна өөр олон сонголтыг бий болгож, Африкт мотоциклын үйлчилгээ, зарим хотод скүтерийн түрээсийн үйлчилгээг санал болгож эхэлсэн хэдий ч автомашины үйлчилгээтэй харьцуулахад хамрах хүрээ нь бага байгаа ажээ.
“Bolt” компани “Uber” компанитай өрсөлдөхийн тулд өнгөрсөн онд хандив босгох ажлыг эхлүүлж, Германы автомашин үйлдвэрлэгч “Daimler” тэргүүтэй компаниудаас 175 сая ам.долларын хөрөнгө босгожээ.
24news.mn