Хөгжмийн сургуульд явдаг сурагчид математик болон хэлний хичээлийн шалгалт болон сорилуудад үеийнхнээсээ мэдэгдэхүйц илүү байдаг тухай эрдэмтэд “Journal of Educational Psychology” сэтгүүлд нийтэлжээ. Ахлах ангийнханд хийсэн ажиглалтынхаа дүнд үндэслэн тэнд ийнхүү тэмдэглэсэн байна.
“Урлаг соёл, хөгжмийн боловсрол нь математик, байгалийн шинжлэх ухаан, хэлний хичээлд саад учруулдаг гэж хүмүүс үздэг учир ийм боловсролыг үр хүүхдүүддээ олгох явдлыг цааш тавих нь олонтаа байдаг. Хэргийн учир ийм байдаггүйг бид ажиглалтаараа харуулсан. Хүүхэд хөгжмөөр хэдий чинээ их хичээллэнэ төдий чинээ илүү сайн сурдаг” хэмээн Британийн Колумбын их сургуулийн судлаач Питер Гузуасис ярьжээ.
Хөгжимд авьяастай хүүхдүүд математикт ч мөн сайн байдгийг олон судлаач анзаарчээ. Энэ нь эрдэмтдийн дунд маргаан үүсгэж, сурлагын өндөр амжилттай байхад яг юу нөлөөлдөг, урлаг болон тоонд сонирхолтой байх нь хоорондоо хэр хамааралтай байдгийг судлахад хүргэсэн байна.
Гузуасис болон түүний багийнхан энэ асуудалд харилцан хамаарал байдаг эсэхийг судлахаар шийджээ. Ингэхийн тулд тэд Канадын дунд сургуулийн төгсөлтийн шалгалтаа өгөөд удаагүй байгаа ахлах ангийн 100 мянга гаруй сурагчийг ажигласан байна.
Мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн судлаачид хүүхдүүдийг хөгжмөөр хичээллэдэг болон ийм төрлийн сонирхолгүй сурагчид гэсэн хоёр хэсэгт хуваасан байна. Үүнээс гадна судлаачид хөгжмийн сургуулийн сурагчдыг харьцуулж, юу сурч ямар амжилтад хүрснийг нь судалсан байна.
Энэхүү ажиглалтаас сонирхолтой бөгөөд санаанд оромгүй дүгнэлт гарчээ. Дуу хөгжим нь сурагчдын математик амжилтад төдийгүй физик, биологи, хүмүүнлэгийн шинжлэх ухааны хичээлийн амжилтад нөлөөлдгийг олжээ. Түүнчлэн хөгжмийн салбарт илүү өндөр амжилттай байх тусмаа математик, хэл, байгалийн шинжлэх ухаанд илүү авьяастай байсныг анзаарсан байна.
24news.mn