2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Кибер халдлагын тусламжтайгаар 2 тэрбум ам.доллар хулгайлжээ

БНАСАУ үй олноор хөнөөх зэвсэг бүтээх хөтөлбөрөө санхүүжүүлэхийн тулд кибер халдлагын тусламжтайгаар банкууд болон криптовалютын биржүүдээс 2 тэрбум орчим ам.доллар хулгайлжээ. Энэ тухай “Reuters” агентлаг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд зориулан бэлтгэсэн хараат бус шинжээчдийн тайлангаас иш татан мэдээлсэн байна.  

“Санхүүгийн байгууллагууд болон криптовалютын биржүүдээс мөнгө хулгайлж, орлого олохын тулд Умард Солонгос кибер орон зайг ашиглан маш нарийн халдлага хийсэн” гэж шинжээчид мэдэгдсэнийг “Reuters” агентлаг уламжилжээ. Тайланд дурдсанаар, дор хаяж 35 ийм халдлага үйлдсэн бөгөөд доод тал нь 17 улс халдлагад өртжээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, дээрх мөнгийг үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд ашигласан гэж тайланд дурдсан байна. Шинжээчид мөн БНАСАУ “ачааг нэг онгоцноос нөгөө онгоц руу хууль бусаар шилжүүлэхийн зэрэгцээгээр үй олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой хэрэгслүүд болон тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, НҮБ-ын хоригийг зөрчсөөр байгааг” цохон тэмдэглэжээ.

НҮБ-ын дэргэд суугаа БНАСАУ-ын байнгын төлөөлөгч дээрх тайланд тайлбар өгөх хүсэлтэд татгалзсан хариу өгсөн гэж “Reuters” мэдээлсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.