2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Бразил анх удаа Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээ авна

Бразилийн эрх баригчид Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газрын өндөр албан тушаалтнуудын эсрэг дангаар хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна. 

Бразилийн Үндсэн хуулийн зорилт, зарчимд харшлах үйлдэл гаргасан Венесуэлийн албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг тус улсын Гадаад хэргийн яам болон Хууль зүйн яам бэлтгэж байгаа бөгөөд жагсаалтад багтсан хүмүүсийг Бразил руу зорчихыг хориглох аж.  

Ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байгаагаа Бразилийн Гадаад хэргийн сайд Эрнесту Араужу Венесуэл дэх нөхцөл байдлын асуудлаарх олон улсын бага хурлын үеэр мэдэгдэх төлөвтэй байна. ОХУ энэ уулзалтад оролцохоос татгалзжээ.

Венесуэл улс сүүлийн жилүүдэд нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. НҮБ-аас мэдээлснээр, Венесуэлийг 4 сая гаруй хүн орхин явжээ. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өнгөрсөн 1 дүгээр сарын 23-нд өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласнаас хойш тус улсад нөхцөл байдал улам даамжирсан юм. Х.Гуайдо өөрийгөө түр ерөнхийлөгч хэмээн зарласныг АНУ, Лимагийн бүлгийн орнууд /Мексикээс бусад/, Америкийн улсуудын байгууллага болон Европын Холбооны ихэнх улс хүлээн зөвшөөрсөн юм.

Николас Мадуро дээрх явдлыг төрийн эргэлт хийх оролдлого гэж мэдэгдсэн бол ОХУ, Беларусь, Болив, Иран, БНХАУ, Куба Никарагуа, Сальвадор, Сири болон Турк Мадурог дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.