2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
БНАСАУ-аас оргон зугтсан хоёр хүний цогцос олджээ

БНАСАУ-аас оргон зугтсан 42 настай эмэгтэй болон түүний 6 настай хүү Сөүл хот дахь байрандаа нас барсан байсныг цагдаа нар олжээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр, тэд өлсгөлөнгийн улмаас нас барсан байж магадгүй байна. 

Орон сууцанд тархсан үнэрийн талаар оршин суугчдаас гомдол ирсний дараа хог цэвэрлэгч цогцоснуудыг олсон байна.

Цагдаа нарын мэдээлснээр, цогцоснуудад хүчирхийлэлд өртсөн юмуу амиа хөнөөсөн байж магадгүй гэх шинж тэмдэг ажиглагдаагүй байна. Мөрдөн шалгалтын урьдчилсан мэдээллээр, тэд хоёр сар орчмын өмнө нас баржээ.

Нас барсан эмэгтэй 2009 онд БНАСАУ-аас оргон зугтаж, хэсэг хугацаанд Хятадад амьдарч байсан бөгөөд хожим нь БНСУ-д шилжин ирсэн байна.

Мөрдөн байцаагчид тэдний амьдарч байсан газраас ямар ч хоол, мөнгө олоогүй учир өлсгөлөнгийн улмаас нас барсан байж магадгүй гэж үзэж байгаа хэдий ч мөрдөн шалгалтын дүнд нас баралтын нарийн шалтгааныг тодруулах аж. 

Илүү сайхан амьдралыг хайж БНСУ-руу оргон зугтсан БНАСАУ-ын иргэд төрөл садны дэмжлэгээс хол, эзэмшсэн тодорхой ажил мэргэжил, ур чадваргүйн улмаас нийгмээс тусгаарлагдаж, эх орондоо байснаас илүү дор нөхцөл байдалд орох тохиолдол гарах нь олонтоо байдаг аж. БНСУ-д одоогоор 30 мянга гаруй БНАСАУ-ын иргэн оршин суудаг байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.