2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Жамму ба Кашмирт Засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааг сэргээжээ

Энэтхэгийн Жамму ба Кашмир холбооны нутаг дэвсгэрийн эрх баригчид өнөөдөр Сринагар дахь зарим сургууль болон Засгийн газрын байгууллагуудыг нээжээ. Энэхүү шийдвэр нь Энэтхэгийн Засгийн газар Жамму ба Кашмирын мужийн статусыг цуцалсны дараа тус нутаг дэвсгэрт авсан аюулгүй байдлын хатуу арга хэмжээг сулруулах эхлэл болж байна хэмээн  “NDTV” телевиз мэдээлсэн байна. 

Сринагар бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг 900 орчим сургуулиас одоохондоо 196 сургуулийн үйл ажиллагааг сэргээх аж.

“Аюулгүй байдлыг шалгасны дараа бид зарим дүүрэг дэх сургуулиудыг нээсэн. Зөвхөн нээлттэй сургуулиуд руу хүүхдээ явуулахыг бид эцэг эхчүүдэд уриалж байна. Аюулгүй байдал бол бидний үүрэг хариуцлага” хэмээн эрх баригчид мэдэгдсэн байна.

Түүнчлэн Засгийн газрын бүх байгууллагын үйл ажиллагааг сэргээжээ. Хөдөлгөөнт холбоо, интернетийн үйлчилгээг аюулгүй байдлын салбар дахь нөхцөл байдалд бүх талыг хамарсан дүн шинжилгээ хийсний дараа сэргээх аж.

Энэ сарын эхээр Жамму ба Кашмирын статусыг өөрчилснөөс хойш тус бүс нутагт 4000 гаруй хүн баривчлагдан саатуулагдсан тухай Энэтхэгийн Засгийн газрын эх сурвалж мэдээлсэн байна. Олон нийтийн аюулгүй байдлын тухай хуулийн дагуу баривчлах ажиллагааг явуулсан болохыг “Франс Пресс” агентлаг цохон тэмдэглэжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.