Америкийн “SpaceX” компани “Starship” сансрын хөлгийн загвар болох “Starhopper” аппаратын хоёр дахь туршилтыг амжилттай явуулжээ.
Уг аппаратыг Техас муж улсын Бока-Чика хотод хөөргөж туршсан байна. “SpaceX” компани туршилтаа шууд дамжуулжээ. “Starhopper” агаарт босоо чигт хөөрч, хэсэг хугацаанд байсныхаа дараа хөөрсөн газрынхаа ойролцоо аажмаар газарджээ. Нислэг бүхэлдээ нэг минут орчим үргэлжилсэн бөгөөд хэдэн метрийн өндөрт хөөрсөн талаар мэдээлээгүй байна.
“SpaceX” компанийнхан босоо чигт туршилтын хоёр дахь нислэгийг 200 метрийн өндөрт хийнэ гэж төлөвлөж байсан боловч АНУ-ын иргэний агаарын тээврийн удирдах газраас 150 метрийн өндөрт "үсрэх" зөвшөөрөл өгчээ.
Дахин ашиглах боломжтой “Starship” сансрын хөлгийг Ангараг гараг руу болон гараг хоорондын бусад нислэгт зориулан бүтээсэн байна. Уг хөлөг нь “SpaceX” компанийн бүтээсэн BFR /Big Falcon Rocket/ хэт хүнд зөөгч пуужингийн хоёр дахь угсраа болох аж.
24news.mn