Киргизийн төрийн тэргүүн Сооронбай Жээнбеков тус улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг баривчлах ажиллагаа явуулах үеэр амиа алдсан, "Альфа" тусгай анги нэгтгэлийн цэргийг нэхэн шагнажээ.
“Цэргийн үүргээ гүйцэтгэж явахдаа эрэлхэг зориг үзүүлснийх нь төлөө Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны ажилтан, хурандаа Усенбек Ниязбековыг “Эрдик” медалиар /"Эр зоригийн медаль"/ нэхэн шагнах тухай зарлигт Киргизийн Ерөнхийлөгч өнөөдөр /наймдугаар сарын 28-нд/ гарын үсэг зурлаа” гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Ниязбеков наймдугаар сарын 7-нд Киргизийн Чуй мужийн Кой-Таш тосгонд Атамбаевыг баривчлах анхны оролдлогын үеэр сумны шарх авсны улмаас нас барсан юм.
Киргизийн Ерөнхийлөгч асныг баривчлах тусгай ажиллагаа бараг нэг өдөр үргэлжилсэн бөгөөд түүнийг наймдугаар сарын 8-нд баривчилсан билээ. Атамбаевыг дэмжигчид болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хооронд болсон мөргөлдөөний үеэр цагдаагийн ажилтнуудыг оруулаад 100 гаруй хүн эмнэлгийн тусламж хүссэн байна.
24news.mn