2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад 3.6 тэрбум ам.доллар зарцуулахыг зөвшөөрчээ

Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад 3.6 тэрбум ам.доллар зарцуулахыг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер зөвшөөрчээ. Энэ тухай АНУ-ын Конгрессын Сенатын Зэвсэгт хүчин эрхэлсэн асуудлын хороонд илгээсэн түүний захидалд дурдсан байна.

АНУ-ын нутаг дэвсгэрт цагаачид хууль бусаар нэвтрэхэд саад учруулах зорилгоор эдгээр төслийг хэрэгжүүлж байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ. Түүнчлэн 3.6 тэрбум ам.доллар бүхий эдгээр төслийг хэрэгжүүлснээр шинэ хана баригдах газруудад хилээ хамгаалах шаардлагатай байгаа Батлан хамгаалахын ажилтнуудын тоо буурах аж.

Өмнөд хилд онц байдал тогтоох тухай баримт бичигт Д.Трамп өнгөрсөн 2 дугаар сарын 15-нд гарын үсэг зурсан юм. Цагаан ордны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, энэ нь Д.Трампт Мексиктэй залгаа хилийн дагуух зарим хэсэгт хана барихад 8 орчим тэрбум ам.долларыг хуримтлуулах боломжийг олгох аж. Ингэснээр хууль бус цагаачдын урсгал, хар тамхи хууль бусаар хил давуулах явдлыг таслан зогсооход тус болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.