Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын өнгөрсөн пүрэв гарагт Владивосток хотод хийсэн яриа хэлэлцээний дүнг Японы Засгийн газар эерэгээр үнэлжээ.
“Томоохон ахиц дэвшил гараагүй хэдий ч В.Путиний санаа бодлыг баттай мэдэж, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломж олдсон нь тодорхой үр дүн юм. Үүний зэрэгцээ найрамдлын гэрээ байгуулах асуудлыг талуудын хувьд хүлээн зөвшөөрөхүйц байдлаар шийдвэрлэхийн тулд Гадаад хэргийн сайд нарын түвшинд хийх зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлсээр байхаар хоёр улсын удирдагч болзон тохирчээ” хэмээн Японы Засгийн газрын төлөөлөгчийн мэдэгдсэнийг олон нийтийн телевиз иш татан мэдээлжээ.
Хоёр улсын удирдагчдын 27 дахь удаагийн уулзалт Владивосток хотод өнгөрсөн пүрэв гарагт болсон юм. ОХУ-ын Төрийн тэргүүний туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр, В.Путин, Абэ Шинзо нар хоёр талын асуудлаар ирэх 11 дүгээр сард Чили улсад болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр гүн гүнзгий хэлэлцээ хийхээр тохиролцжээ.
24news.mn