Испанид дахин сонгууль явуулахаар болсон талаар тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Педро Санчес мягмар гарагт мэдэгджээ. Испанид сүүлийн дөрвөн жилд болсон дөрөв дэх сонгууль энэ болох юм.
П.Санчесийн мэдэгдсэнээр, Засгийн газрыг бүрдүүлэх хангалттай дэмжлэгийг авж чадаагүй ажээ. VI Фелипе хаан өрсөлдөгч намуудын удирдагчидтай хоёр өдрийн турш хэлэлцсэн боловч Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж чадаагүй байна.
Сонгууль ирэх 11 дүгээр сарын 10-нд болох бөгөөд сүүлийн сонгууль энэ оны дөрөвдүгээр сард болжээ. Уг сонгуулиар П.Санчесийн социалист “PSOE” нам олонхын суудлын авсан боловч Испанийн 350 суудалтай парламентэд дийлэнх болж чадаагүй юм.
Мягмар гарагийн орой зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр П.Санчес улс төрийн мухардмал байдал үүссэнд сөрөг хүчнийг буруутгасан байна. Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд испаничуудын бидэнд олгосон эрхийг гүйцэлдүүлэх боломж байсан боловч сөрөг хүчнийхэн боломжгүй болголоо гэжээ.
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч сүүлийн хэдэн сарын турш улс төрийн шийдэл олохыг эрмэлзсэн боловч сөрөг хүчнүүд эвсэл байгуулахаас татгалзжээ. Дээрх мэдэгдлийн дараа “Podemos” намын дарга Пабло Иглесиас “парламентын ардчиллын үндсэн дүрэм журмыг үл тоомсорлож байсан" хэмээн П.Санчесийг буруутгасан байна.
24news.mn