АНУ-ын электрон тамхи үйлдвэрлэгч “Juul” компанийн бүтээгдэхүүнүүдийн эрүүл мэндэд учруулах эрсдэл болон компанийн маркетингийн талаарх шүүмжлэл газар авж буй үед тус компанийн тэргүүн Кевин Бернс огцорсон байна.
“Juul” компани мөн АНУ-д явуулж буй зар сурталчилгаагаа зогсоохоор болжээ. К.Бернсийн халааг тамхи үйлдвэрлэгч “Altria” компанийн өсөлтийн асуудал хариуцсан дарга К.Кроствейт нэн даруй авах ажээ. “Juul” компанийн 35 хувийг эзэмшдэг “Altria” компанийг өмнө нь насанд хүрээгүй хүүхдүүдэд зориулсан электрон тамхины сурталчилгаа явуулсан хэмээн буруутгаж байжээ.
“Би “Juul” компанийн лабораториас гараагаа эхэлж, зогсолтгүй ажилласаар жижиг фирмийг дэлхийн бизнес болгоход хувь нэмрээ оруулсан. Албан тушаалаасаа огцрох тохиромжтой цаг ирснийг би хэдэн долоо хоногийн өмнө мэдэж шийдвэрээ гаргалаа” гэж К.Бернс хэлсэн байна.
АНУ-ын электрон тамхи үйлдвэрлэгч олон сорилттой тулгараад буй үед дээрх шийдвэр гарчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа амт оруулсан электрон тамхийг улс даяар хориглохоор бэлтгэж буйгаа энэ сарын эхээр мэдэгдсэн юм. Түүнчлэн “Juul” компанийн маркетингийн бодлого зэрэг үйл ажиллагааг мөрдөн шалгаж байгаа ажээ.
“Juul” компани нь донтуулагч никотины найрлага бүхий электрон тамхинуудаа олон жилийн турш сурталчилсаар иржээ. Хэдийгээр АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар “Juul” компанийн бүтээгдэхүүнүүд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй талаар анхааруулсан боловч шинжлэх ухааны үндэслэл бүхий баримт нотолгоог танилцуулаагүй байгаа юм.
24news.mn