2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Японд хэрэглээний татварыг нэмэгдүүлжээ

 Япон улсад мягмар гарагаас эхлэн хэрэглээний татварыг 8-аас 10 хувь болгон нэмэгдүүлжээ. Энэхүү шийдвэрийг урьд нь хоёр удаа хойшлуулж байсан юм.

Засгийн газрын мэдээлснээр, огцом өссөн нийгмийн хамгааллын зардлыг зохицуулахын тулд уг шийдвэрийг гаргажээ. 10 дугаар сарын 1-нээс татвар нэмэгдэх гэж буйтай холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд маш олон иргэн дэлгүүр хэсэж, худалдан авалт хийсэн байна.

Хоол хүнс, ундаа зэрэг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүний татвар 8 хувь хэвээр байгаа бол согтууруулах ундаа, гадуур хооллодог бүтээгдэхүүнүүдийн татвар 10 хувь хүрчээ. Япон улс өөр төрлийн бүтээгдэхүүнүүдэд өөр татвар ногдуулсан анхны тохиолдол болжээ.

Японд хэрэглээний татварыг сүүлийн 5 жилийн хугацаанд анх удаа нэмэгдүүлж буй нь энэ бөгөөд ингэснээр улсын төсвийн татварын орлого 5.7 их наяд иен буюу 52 тэрбум ам.доллароор нэмэгдэх төлөвтэй байна.

Уг орлогын тэн хагасыг сургуулийн өмнөх насны боловсрол, хүүхдүүдийг үнэ төлбөргүй асрах, өндөр боловсрол эзэмшихэд үүсэж буй санхүүгийн дарамтыг бууруулах зэрэгт зориулахаар төлөвлөжээ. Үлдсэн хэсгийг улсын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд зарцуулах ажээ.

Эдгээр өөрчлөлтийг хийснээр нийгмийн хамгааллын систем зөвхөн настай хүмүүст төдийгүй бүх үеийнхэнд үр ашигаа хүртээнэ гэж Японы Засгийн газар үзэж байгаа юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.