2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Америк, Швейцарын эрдэмтэд физикийн салбарт Нобелийн шагналын эзэн боллоо

Физикийн салбарт энэ оны Нобелийн шагналтнаар АНУ-ын судлаач Жеймс Пиблз, Швейцарын эрдэмтэд болох Дидье Кело, Мишель Майор нар тодорлоо.

Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академийн дэргэдэх Нобелийн хорооны хэвлэлийн мэдээлэлд онцлон дурдсанаар, Майор, Кело нарт 1995 онд “нартай төстэй оддын тойрог замаас” нарны аймгийн гадна орших анхны гарагийг /51 Пегаса b/ олж илрүүлснийх нь төлөө энэхүү нэр хүндтэй шагналыг олгохоор болжээ. Уг гарагийг нээснээс хойш нарны аймгийн гадна орших гарагуудын хувьслын судалгаа нь орчин үеийн одон орон судлалын үндсэн чиглэлүүдийн нэгд тооцогдсоор ирсэн байна. 

Харин Америкийн одон орны физикч Пиблз “сансрын физикийн судлалд хийсэн онолын нээлтүүд”-ээрээ Нобелийн  шагналын эзэн болжээ. Тэрбээр хар нүх, анхдагч нуклеосинтез буюу өөрөөр хэлбэл устөрөгчөөс илүү хүнд химийн элементүүдийн цөмүүд үүсдэг Их тэсрэлтийн үеийн байгалийн үйл явцыг загварчлах чиглэлээр, мөн галактикийн үүсэл болон галактикийн бөөгнөрлийн талаар судалгаа хийжээ. Пиблзийн нээсэн онолуудын ачаар эрдэмтэд Орчлонт ертөнцийн эрт үеийн талаарх нотолгоонуудын утгыг олж, тайлбарлаж чадсанаас гадна физикийн шинэ үйл явцуудыг нээсэн гэж Нобелийн хорооны хэвлэлийн мэдээлэлд дурджээ.

Шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 10-нд Альфред Нобелийн таалал төгссөн өдөр Стокхолм хотноо болно.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.