АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа зарим компанидаа Хятадын “Huawei” компанитай хамтран ажиллахыг удахгүй зөвшөөрөхөөр төлөвлөж байна гэж “New York Times” сонин эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Трамп өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд болсон уулзалтын үеэр улсынх нь үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүй бараа бүтээгдэхүүнүүдийг Хятадын “Huawei” компанид нийлүүлэх тусгай зөвшөөрлийг удахгүй олгож эхлэхийг зөвшөөрсөн байна. Энэ нь Америкийн зарим компанид Трампын засаг захиргаанаас энэ онд “Huawei”-д авсан хоригийг тойрч гарах боломж олгох аж.
БНХАУ-ын цэрэг, тагнуулынхантай хамтран ажилласан, үйлчлүүлэгчдийг тагнасан байж болзошгүй гэж АНУ-ын засаг захиргаа “Huawei” компанийг буруутгаж байгаа юм. Тус улс Мөн “5G” сүлжээнд шилжихдээ “Huawei”-н тоног төхөөрөмжийг ашиглахгүй байхыг хэд хэдэн оронд уриалж байгаа билээ. Харин Хятадын компани АНУ үндэслэлгүйгээр, улс төрийн зорилгоор буруутгасан нь зах зээлийн өрсөлдөөний зарчмыг зөрчиж байна гэж мэдэгджээ.
АНУ-ын Худалдааны яам “Huawei” компанийг тавдугаар сард хар жагсаалтад оруулсан билээ.
24news.mn