Ирэх онд Японы нийслэл Токио хотноо Олимп, Паралимпын наадам болох гэж буйтай холбогдуулан Токио хотын “Disney” парк аюулгүй байдлаа бэхжүүлэхээр болжээ. Уг паркийн удирдагууд “Disneyland” болон “DisneySea” рүү орох хаалгуудад рентген туяаны сканерууд, метал илрүүлэгчдийг суурилуулж эхэлсэн байна.
Шалган нэвтрүүлэх цэгийн ажилтнууд хүмүүсийн цүнхэнд хурц үзүүртэй эд зүйл, галт зэвсэг, дрон, лааз, шил болон бусад хориглосон зүйл байгаа эсэхийг шалгасны дараа аялагч цүнхээ рентген туяаны сканераар шалгуулж, металл илрүүлэгч хаалгаар нэвтрэх шаардлагатай болжээ.
“Хэдийгээр энэхүү шийдвэр “бага зэрэг хэтрүүлсэн” юм шиг санагдаж байгаа боловч аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой тул шалгуулахаас өөр арга байхгүй” гэж нэгэн аялагч хэлжээ. “Disney” паркийн удирдагууд цаашид илүү олон хаалганд аюулгүй байдлын төхөөрөмжүүдийг суурилуулахаар төлөвлөж байна.
24news.mn