2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“TikTok”-ыг эзэмшигч компани хөгжмийн стриминг үйлчилгээ гаргах төлөвтэй байна

 БНХАУ-ын нийслэл Бээжин хотод төвтэй “ByteDance” компани “Universal Music”, “Sony Music”, “Warner Music” компанитай дуунуудын лицензийн гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байгаа талаар “Financial Times” сонин өнгөрсөн ням гарагт мэдээлсэн байна.

"Богино хэмжээний дүрс бичлэгийн “TikTok” хавсралтыг эзэмшдэг “ByteDance” компани хөгжмийн стриминг үйлчилгээгээ ойрын хугацаанд нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд АНУ-д нэвтрүүлэхээс өмнө эхний ээлжинд Энэтхэг, Индонез, Бразилын зах зээлд гаргахаар төлөвлөж байна" гэж “Financial Times” уг мэдээлэлд ойр эх сурвалжийг иш татан уламжилжээ.

“ByteDance” хөгжмийн хавсралтдаа хараахан нэр өгч амжаагүй байгаагийн зэрэгцээ үнийнх нь талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа боловч сарын 10 ам.долларын төлбөртэй “Spotify”, “Apple” зэрэг компанийн АНУ-д нэвтэрсэн үйлчилгээнүүдээс хямд байх төлөвтэй байна гэж дээрх мэдээнд дурдсан байна.

Мөн уг шинэ үйлчилгээ дуунуудаас гадна богино дүрс бичлэгийн сантай байх төлөвтэй байна. “ByteDance” компаниас “Financial Times” сонины мэдээний талаар лавлахад хариулт өгөөгүй аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.