“Tesla” компани цахилгаан хөдөлгүүртэй “Сybertruck” пикап автомашинаа дэлхий нийтэд танилцуулаад удаагүй байгаа билээ. Тэгвэл тус компани автомашины үйлдвэрлэлийн салбарт өөрчлөлт хийгээд зогсохгүй нарны эрчим хүчний үйлдвэрлэлд хүч үзэхээр зорьж байна.
Тус компанийн хөгжүүлж буй сонирхолтой төслүүдийн нэг нь дундаж хэмжээтэй байшингийн дээврийг хийх өртгөөс хэтрэхгүй нарны зайн хураагууртай дээврийн хавтан бүтээх юм. “Tesla” компани 2018 онд уг бүтээгдэхүүний анхны загварыг зах зээлд гаргахаар төлөвлөж байсан боловч үйлдвэрлэлийн доголдлын улмаас сүүлийн хоёр жил худалдаанд гаргах боломжгүй болжээ.
“Зах зээл дээрх хамгийн урт удаан эдэлгээтэй, хямд үнэтэй дээврийн хавтангуудын нэг байх болно” гэж Илон Маск өнгөрсөн жил болсон хувьцаа эзэмшигчдийн уулзалтын үеэр мэдэгдсэн байна.
“Бид одоо нарны зайн дээврийн гурван загварыг дуусгаж байна. Нарны зайг дээврийн хавтантай холбох нь технологийн хувьд нэлээд хүндхэн асуудал байсан ч сүүлийн 30 жилийн турш энэхүү технологийг улам бүр боловсронгуй болгосоор байна. Бид энэхүү технологийн зардлыг жирийн модон дээврийн үнэтэй ижил эсвэл түүнээс ч хямд байлгахыг зорьж байна. Ингэснээр хамгийн хямд хөсөр дээвэртэй болох боломжтой. Ашиглалтын зардал болон энгийн хямдхан дээвэртэй байснаас илүү эдийн засгийн үр өгөөжтэй дээвэртэй болох боломж та бүхэнд байна” гэж тэрбээр хэлжээ.
Олон жилийн баталгаатай энэхүү дээврийн загварт компанийнхан итгэл дүүрэн байгаа аж. Хамгийн багадаа 25 жил эрчим хүч үйлдвэрлэх баталгааг олгож буй дээвэрт цахилгааны засвар үйлчилгээ хийх шаардлага л бий болж магадгүй ажээ.
“Tesla” компанийн нарны зайн дээврийн хавтанг одоогоор Нью-Йорк муж улсын Буффало хот дахь “Gigafactory 2” компанид үйлдвэрлэж байгаа боловч хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байна.
24news.mn