АНУ-ын “Science” сэтгүүл энэ жилийн шинжлэх ухааны гол ололт амжилтаар “Event Horizons Telescope” /EHT/ төслийн эрдэмтдийн авсан хар нүхний зургийг нэрлэлээ. Харин Денисовын гэж нэрлэдэг хүний анхны хөрөг сэтгүүлийн уншигчдын дунд энэ төрөлд ялагч боллоо гэж тус сэтгүүлийн цахим хуудсанд мэдээлжээ.
“Энэ зураг бол шинжлэх ухааны ололт амжилтын энгийн нэг жишээ биш юм. Нүдээр харах боломжгүй зарим үйл явц эсвэл объектуудын талаар эрдэмтдийн ярьж байгааг сонсохдоо үл итгэгчид нүдээ эргэлдүүлдэг. Харин одоо тэд галактикийн хувьсалд чухал үүрэг гүйцэтгэдэг объектуудын нэгийг харах боломжтой болсон” гэж “Science” сэтгүүлийн ерөнхий редактор Голден Торп ярьсан байна.
М87 галактикийн төв дэх хэт хүнд масстай хар нүхний “сүүдрийн” зургийг авч чадсанаа “EHT” төсөлд оролцогчид энэ оны дөрөвдүгээр сард мэдэгдсэн билээ.
"Ард түмний" номинацид түрүүлсэн, улиран одож буй оны бас нэгэн чухал нээлт бол Хомо сапиенчуудтай зэрэгцэн оршин байсан эртний хүмүүсийн нэг болох Денисовын хүний охины эрүүний ясны хэлтэрхийг Төвөдийн нэгэн агуйгаас олж илрүүлж, дүр төрхийг нь сэргээсэн явдал байв.
Эдгээр хоёр нээлтээс гадна 2019 оны чухал ололт амжилтуудын жагсаалтад гараг хоорондын “New Horizons” автомат станцаар авсан “2014 MU69” одой гарагийн гэрэл зураг, Эбола болон цистик фиброзын анхны эм, солир дэлхий дээр унасны дараа учирсан үр дагаврын талаарх нээлт, мөн “Квантын давуу тал” гэж нэрлэсэн “Google” компанийн эрдэмтдийн ололт амжилт болон хиймэл оюун ухааны "тоглоомын" төрлийг хөгжүүлэхэд гаргасан шинэ нээлтүүдийг оруулжээ.
24news.mn