Иранд интернэтийг хэсэгчлэн тасалсан гэж зарим хэвлэлүүд мэдээлснийг тус улсын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам няцаажээ. Холбогдох мэдэгдлийг тус яамны хэвлэлийн албаны дарга Жамал Хадиан “Twitter” хуудсандаа тавьсан байна.
Ираны дэглэмийн эсрэг пүрэв гарагт дахин эсэргүүцлийн жагсаал явуулахыг уриалж буйтай холбоотойгоор тус улсын эрх баригчид улс төрийн хувьд эмзэг зарим бүс нутагт гар утасны интернэтийг тасалсан гэж “The Independent” сонин лхагва гарагт мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, нийслэл Техран хотоос холгүй оршдог Альборц муж, Фарс муж, мөн Ираны баруун нутгийн Курдистан болон зүүн нутгийн Занжан мужид гар утасны интернэтийн үйлчилгээг хаасан байна.
“Дээрх мэдээлэл нь худал бөгөөд Мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд, шүүх болон бусад эрх бүхий байгууллагаас интернэтийг таслах шийдвэр гаргаагүй” гэж Жамал Хадиан бичжээ.
24news.mn