Австралийн зүүн болон зүүн өмнөд нутгийг хамраад буй ойн түймрийг унтраахад нь туслахыг Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон санал болгожээ.
"Ойн түймэртэй тэмцэж, хүн амьтан, биологийн төрөл зүйлийг хамгаалах шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлэхийг санал болгохоор би өнөөдөр Скотт Моррисонтой утсаар ярьсан” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсандаа тэмдэглэжээ. Ойн түймрийн гамшигт өртөөд буй Австралийн ард түмэнтэй сэтгэл санаагаараа хамт байгаа гэдгээ тэрбээр мөн илэрхийлсэн байна.
Томоохон хэмжээний ойн түймэр өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур Австралийн зүүн эргийг хамарч эхэлсэн юм. Одоогийн байдлаар Шинэ Өмнөд Вэльс, Виктория мужууд дахь дийлэнх нутаг дэвсгэр ойн түймэрт өртөөд байгаа бөгөөд тэнд байгаа оршин суугчид яаралтай нүүлгэн шилжүүлэх тухай заавар авсан байна. Ойн түймрийн улмаас Австралид 6 сая га ой, 2 мянган орчим орон сууц, 3 мянга орчим засаг захиргаа, аж ахуйн байгууламж сүйджээ. Түүнчлэн 23 энгийн иргэн, 3 гал сөнөөгч амиа алдаж, 6 хүн ор сураггүй алга болсон байна.
24news.mn