“Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон Японд баривчлагдсан үеийнхээ үнэн мөний талаар өгүүлэх ном гаргахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
“Би К.Гонтой хамтран ном гаргахаар болсон” гэж Францын “AFP” агентлагийн Токио хот дахь салбарын дарга асан Филипп Райс “NHK” сувагт мэдээлсэн байна. Санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт холбогдсон К.Гон барьцаагаар суллагдсан хугацаандаа Ливан руу зугтсан юм.
К.Гон Ливанд өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр очсоноосоо хойш лхагва гарагт анх удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэхдээ, өөрийгөө “Nissan” компанийн удирдлагуудын хуйвалдааны хохирогч болсон хэмээгээд, нэрээ цэвэрлэнэ гэдгээ амласан байна.
2003 онд К.Гон өөрийн намтрын талаар өгүүлсэн номоо гаргаж байсан бөгөөд уг номыг Ф.Райстай хамтран бичжээ. Ф.Райсын хэлснээр, К.Гоныг өнгөрсөн долдугаар сард барьцаагаар суллагдсан хугацаанд ном бичихээр тохиролцсон ажээ.
“400 хуудастай уг номонд К.Гоны “Nissan” компанид гүйцэтгэсэн үүрэг болон 2018 оны 11 дүгээр сард түүнийг баривчилсны дараа юу тохиолдсон талаар өгүүлнэ. К.Гоны хэргийн үнэн мөнийг өгүүлэх нь номын гол зорилго юм” гэж Ф.Райс хэлсэн байна.
24news.mn