Жүжигчин, найруулагч Квентин Тарантиногийн бүтээсэн “Холливудад нэгэн удаа” кино Америкийн кино шүүмжлэгчдээс олгодог “оны шилдэг кино” шагналыг хүртжээ. “Шүүмжлэгчдийн сонголт” шагнал гардуулах 25 дахь удаагийн ёслол АНУ-ын Калифорни муж улсын Санта-Моника хотод ням гарагт болсон байна.
Энэ жилийн “шилдэг кино” төрөлд мөн “Албан бөмбөрцөг” наадмаас шагнал хүртсэн "1917" түүхэн кино, “Ирланд эр”, “Жожо туулай”, “Бяцхан эмэгтэйчүүд”, “Гэрлэлтийн түүх”, “Жокер”, “Ford Ferrari-гийн эсрэг”, “Шимэгч” болон “Засаагүй үнэт эдлэл” кино өрсөлджээ.
Кино шүүмжлэгчид энэ жил "1917" түүхэн киноны найруулагч Сэм Мендес, “Шимэгч” киног бүтээгч Пон Жун Хо нарт “шилдэг найруулагч” шагналыг олгосон байна. “1917” кино мөн “шилдэг эвлүүлэг”, “шилдэг зураглаач” төрөлд шагнал хүртсэн бол “шилдэг кино зохиол” төрөлд “Холливудад нэгэн удаа” кино шалгарлаа.
“Шилдэг эрэгтэй жүжигчин”-ий шагналыг “Жокер” киноны гол дүрд тоглосон Хоакин Феникс хүртсэн бол Рене Зеллвегер “Жуди” кинонд бүтээсэн гол дүрээрээ “шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр тодорчээ. Лаура Дерн "Гэрлэлтийн түүх" киногоороо “шилдэг туслах эмэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн бол Брэд Питт "Холливудад нэгэн удаа" кинонд бүтээсэн дүрээрээ “шилдэг туслах эрэгтэй жүжигчин” болжээ.
BFCA буюу АНУ, Канадын кино шүүмжлэгчдийн томоохон холбооны шагналыг жил бүр гардуулдаг уламжлалтай бөгөөд уг холбоо 300 орчим гишүүнтэй байна. Энэхүү шагнал нь “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шагналын хамт Америкийн кино зах зээлийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэгд тооцогддог ажээ.
24news.mn