2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Стандартгүй тоглоомын талбайн “ХАМГААЛАГЧГҮЙ” хохирогчид

Монгол Улсдаа хамгийн ачаалал өндөртэйд тооцогдох ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн гадаа дугаарлан зогсох иргэдийн ихэнх хувийг мөчдийн хугарал буюу гар, хөлөө хугалсан хүүхдүүд эзэлж буй талаарх “Ясны хугарал гамшгийн хэмжээнд хүрчээ” нэртэй сурвалжилгыг өмнө бид бэлтгэн хүргэсэн билээ. Харин энэ удаа хүүхдүүдийн гар, хөл хугарах болсон шалтгааныг эрэн сурвалжиллаа.

ГССҮТ-өөс сурвалжилга хийж байх үед гар, хөлөө гэмтээсэн хүүхдүүдийн цөөнгүй хэсэг нь байрныхаа гадаах хүүхдийн тоглоомын талбайд тоглож байгаад бэртсэн гэх хариултыг өгсөн юм. Тус төвийн эмч нар ч мөчдийн хугаралтай хүүхдүүдийн дийлэнх нь гадаа тоглох үедээ бэртсэн байдаг хэмээн тайлбарласан. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжилга”-аараа Монгол Улс орон сууцын гадаах хүүхдийн тоглоомын талбайн стандарттай эсэх, тоглоомын талбай хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа болон эцэг, эхчүүд орон сууцынхаа тоглоомын талбайд хэр сэтгэл хангалуун байдгийг сурвалжиллаа.

МОНГОЛ УЛС ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙН СТАНДАРТГҮЙ ГЭВ

100 айлд байрлах нэгэн орон сууцын хорооллын хүүхдүүд “бөгс эргэх” зайгүй хэцүүхэн талбайд тоглож харагдана. Тодруулаад хэлбэл, бидний хэлж заншсанаар 11 дүгээр хороололд байрлах “Голомт” банктай орон сууцын хүүхдүүд гэр хорооллын айлын дунд зэргийн “амбаар” шиг талбайд тоглож байх юм. Хүн харахад чөлөөтэй ч хөдөлж, хүссэнээрээ ч гүйж чадахааргүй юм шиг талбайд тус байрны хүүхдүүд эргэн тойрондох аюулыг ч үл ажран тоглож байв. Тоглоомын талбай жижигхэн бас дээрээс нь цементээр цутгажээ.

Цементэн хавтан дээр хүүхдийн гулсуур, жижиг сүүдрэвч барьсан байлаа. “П” хэлбэртэй тус байрны голд байрлах тоглоомын талбай машин замд тун ойрхон. Уруу байрлалтай. Учраас хүүхэд бөмбөгнийхөө араас гүйж байгаад машин доогуур орохгүй гэх баталгаа үгүй. Энэ бол Улаанбаатар хотын төвд сүндэрлэх үй түмэн барилгуудын ганцхан жишээ. Бодит байдал ийм ч бид харсан ч хараагүй мэт, хэлээ хазаад, нүдээ аниад өнгөрдөг. Гэтэл манай улсад орон сууц худалдаж авна гэдэг “тэнгэрийн умдаг” атгасантай адил.

Банкны өндөр шаардлагыг арай гэж давсан иргэд өндөр хүүтэй зээлд хамрагдан өөрийн гэсэн орон сууцтай болж буй. Гэвч худалдаж авч буй орон сууцын маань тоглоомын талбай аюулгүй байдлыг хангасан уу гэдгийг анзаарч, бодолгүй шууд худалдан авалт хийдэг. Эцэст нь үр хүүхдүүд маань гар, хөлөө хугалж, ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн гадаа дугаарлан зогсогчдын эгнээнд шилжиж байна. Харин үүнд хариуцлага хүлээх эзэн нь тодорхойгүй.

Тиймээс манай сурвалжлах хэсэг юун түрүүнд манай улсад хүүхдийн тоглоомын талбайн ямар стандарт мөрдөгддөг, үүнд хэн хариуцлага тооцдог эсэхийг тодруулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг зорив. Бид энд холбогдох мэргэжилтнээс тодруулга авах гэсэн ч “Энэ талаар ярилцлага өгөх боломжгүй. Манайх энэ талаарх асуудлыг хариуцдаггүй. Зургаан жилийн өмнө хариуцдаг байсан. Манай улсад хүүхдийн тоглоомын талбайн стандарт гэж байхгүй” гэх хариултыг өглөө.

ХҮҮХДҮҮД ЦЕМЕНТЭН ТАЛБАЙ ДЭЭР УНАЖ, БЭРТЭЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын байгууллага хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хариуцахгүй, манай улсад энэ талаарх стандарт ч байхгүй гэх хариултыг өгсөн учраас бид иргэдтэй уулзаж ярилцахаар Баянгол дүүргийн VI хороонд очив. Биднийг очих үед хүүхдүүдийн сургууль цэцэрлэг амарсан болохоор тэр үү өдрийн хоолны цаг болсон ч 44 дүгээр байрны гадаа хэдэн хүүхдүүд тоглож байлаа. Бид тоглоомын талбайн ойролцоо зогсох нэгэн эмэгтэйтэй уулзаж ярилцсан юм. Түүнийг И.Сарангэрэл гэдэг бөгөөд 44 дүгээр байрны оршин суугч хэмээн өөрийгөө танилцуулсан.

Тэрбээр “Би бага ангид сурдаг хоёр хүүхэдтэй. Манай байрны тоглоомын талбай хүүхдийн аюулгүй байдлыг хангасан гэж хэлэхэд тун бэрх. Хамгийн аюултай нь гэвэл, хүүхдийн тоглоомын талбайд машин оруулж тавьдаг. Үүнээс болж хүүхдээ хараа хяналтгүй тоглуулна гэдэг үлгэр гэх үү дээ. Энэ тэндээс ёрдойж гарсан төмөрт хүүхэд хөл, гараа авчих гээд их хэцүү шүү дээ. Жил бүр л төсөвлөсөн гээд хэдэн тоглоом тавьдаг. Гэхдээ тэр нь жил болохгүй эвдэрчихдэг. Гэх мэт асуудал олон.

Иргэд хий дэмий бухимдахаас өөр аргагүй шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд миний хүүхэд тоглож байгаад гэмтэхийн бол хариуцлага хүлээх газар хаана ч байхгүй. Түүнээс гадна хүүхдийн тоглоомын талбай цементэн талбайтай. Түүнийгээ ч гүйцэт хийж дуусгаагүй, цагаан шороо бужигнаад л байж байдаг. Чи ч харж байгаа байх. Уг нь нийтийн эзэмшлийн талбайд хувийн компани барилга барих гэхэд зөвшөөрөл өгөхгүй байсан гэсэн. Тэр компани тоглоомын талбайг чинь тохижуулж өгье гэсэн юм билээ. Тэгээд одоо бүрэн ч тохижуулаагүй нэг дутуу юм үлдсэн. Түүнд нь хүүхэд тоглоод л байх юм даа” гэв.

Энэ мэтчилэн дүр зураг Нийслэлийн аль ч дүүрэгт харагдана. Ийнхүү ярилцсаны дараа бид Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо буюу бидний хэлж заншсанаар 19 дүгээр хорооллын оршин суугч Т.Дашнямтай ярилцав. Тэрбээр байрныхаа гадаах хүүхдийн тоглоомын талаар “Манай дүү таван настай. Байрны гадаах тоглоомын талбайд тоглож байгаад унаад гараа хугалчихсан.

Гэхдээ хариуцлагыг нь хэн ч хүлээгээгүй. Бид өөрсдөө эмчилгээний зардлаа гаргасан. Ер нь зөвхөн манай байр гэлтгүй Улаанбаатар хотод байгаа ихэнх орон сууцын тоглоомын талбай хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй. Цемент цутгачихсан. Манай дүү цементэн дээр унаад л гараа хугалсан. Өөр олон хүүхэд бий, гар, хөлөө гэмтээсэн.

Гулсуур, дүүжин даажин, савлуур ч хэцүүхэн. Бүр цементэн хавтантай тоглоомын талбайд савлуур хүртэл байрлуулчихсан байдаг. Тэр нь дээрээс унасан хүүхэд ямар гэмтэл авах нь тодорхой шүү дээ. Толгой тархиа гэмтээх асуудал бол бүр олон. Ер нь манай улсад стандарт байдаг ч юм уу бүү мэд” хэмээн ярилаа. 

МОНГОЛ УЛС ДӨРВӨН СТАНДАРТЫГ ДАГАЖ МӨРДДӨГ 

Олон улсад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын талаар есөн стандартыг тогтоосон байдаг гэнэ. Харин манай улс үүний дөрвийг нь л дагаж мөрддөг аж. Тодруулбал, дээрх дөрвөн стандартад орон сууцын гаднах талбай хурц ирмэггүй, автозам, машины зогсоолоос хол, зогсоолын дээр байрлуулахгүй зэрэг заалтыг тусгажээ.

Гэвч манай улсад энэ стандарт бүрэн мөрдөгдөж чадахгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байв. Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын стандартад зогсоолын дээд талд хүүхдийн тоглоомын талбайг байрлуулж болохгүй гэж заасан хэдий Нийслэлийн баригдсан орон сууцууд зогсоол нь дээр тоглоомын талбай барьсан байх нь энүүхэнд. Мөн бид томоохон хотхонуудад очсон.

Тухайлбал, “Маршал таун” зэрэг томоохон хотхонуудын тоглоомын талбай хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, резинэн хавтан зэргийг байрлуулсан байлаа. Мөн  хүүхэд тоглоход тохиромжтой том тоглоомын талбай, олон төрлийн тоглоомыг ч суурилуулжээ. Манай сурвалжлах хэсэг хүүхдийн тоглоомын талбайн тохижилт хариуцсан байгууллага болон барилгын зөвшөөрөл олгодог НХТЕТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.