Бид төрийн сүлдэндээ морио залсан монголчууд. Дэлхийн талыг мориор туулж байсан морьтон монголчууд төрт ёсны арвин их уламжлалтай ард түмэн. Эрийн гурван наадмаар шандаст хүлгийнхээ хурдыг сойдог бид энэ уламжлалаараа дэлхийд гайхагддаг. Дэлхий ертөнц хөгжихийн хэрээр бид уламжлал шинэчлэлийг хослуулах шаардлагатай болж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн судалгаагаар хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийн хүрээнд нэн тулгамдсан асуудал бол тэдний нас бага байдгийг хөнджээ. Хурдан морь унах унаж уралдах хүүхдийн насыг оновчтой тогтоохын тулд аль өнцгөөс энэ асуудалд хандахаас хамаарч байна. Өөрөөр хэлбэл, уралдаанч хүүхдийн насыг хууль журмаар тогтоохдоо нэг талаас хүүхдийн эрх, аюулгүй байдлыг зайлшгүй хөндөх ёстой бол, нөгөө талаас соёлын өв, уламжлалын үнэт зүйлийг ч авч үзэх шаардлагатай байдаг. Эл хоёр асуудлыг нэмэх, хасах туйлаар эсрэгцүүлэх бус, харин уулзварт нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаас авч үзэх зохимжтой юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн тогтоолд өвлийн улиралд морины уралдааныг зохион байгуулахгүй байхаар журамлажээ. Үүний хамтаар насны босгыг өндөрсгөсөн нь хүүхдийн эрхийн хувьд томоохон шийдвэр болж гэдгийг хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагынхан хэлж байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар 7-оос дээш насны хүүхэд морь унаж болохоор хуульчилсан байсан. Үүнийг шинээр журамлахдаа уралдаанч хүүхдийн насыг 5-аар нэмэгдүүлж 12 хүртэлх насны хүүхдээр хавар хурдан морь унуулахыг хориглосон. Ингэж бага насны хүүхдийг уралдаанч болгохгүй байхаар зааж өгсөн нь хүүхдийн нас биеийн онцлогийг харгалзан үзэж тооцоолсон бололтой. Харин үүнээс өмнө бол долоон нас хэмээн заасаар байтал тав зургаан настныг уралдуулсан тохиолдол гарсаар байсан юм.
Монголчууд 20 дугаар зууны төгсгөлөөр өвлийг үдэж хаврыг угтсанаа тэмдэглэн уяа сойлго хийдэг байсан тухай түүхэн баримт тэмдэглэгдэн үлджээ. Үндэсний төв архивын түүхэн хөмрөгт хадгалагдаж буй 1803-1920 оны наадмын тухай 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд хаврын уралдааныг зохион байгуулж байсан тухай баримт байна. Тиймээс энэхүү уламжлалаа даган хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс өвлийн улиралд хурдан морины уралдааныг хориглож байгаа аж.
Төр засгийн зүгээс унаач хүүхдүүдийн нийгмийн байдал, мэдлэг боловсролд анхаарал тавьж байгаа нь зүй ёсны хэрэг. Эрүүл саруул ухаанаар хүний дээд хүүхдийн эрхийг хамгаалахаас гадна, молор эрдэнэ морио дээдэлсэн байгаад монголчууд баяртай байна.
Уламжлалт соёлын өвийг тээж, хадгалж хөгжүүлж буй уяачид өвөл морь уралдуулахгүй байх, хавар 12-оос бага насны хүүхдээр хурдан морь унуулахгүй байх Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлснээр хүүхдийн эрүүл мэнд, амь насийг хамгаалаад зогсохгүй уралдаанаас уралдааны хооронд хичээл, сургиулаасаа завсарддаг явдлыг арилгаж мэдлэг боловсролд нь анхаарал тавин дэмжиж байгаа юм байна.
Яагаад гэвэл манлай уяач, гарамгай уяач гэсэн хүндэтгэлтэй сайхан цолоо хамгаалж үүрэг журмаа биелүүлэн залуу уяачиддаа үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй билээ. Бид морины нуруун дээр дарцаглан өссөн, монгол хүнийг мориноос салгаж ойлгож болохгүй, юун хүүхдийн хамгаалалтын малгай, хэдэн жаран дамнаад тусгай хувцас хэрэглэлгүй болж байсан юм гэхчилэн эсэргүүцэх хүмүүс захаас аваад гарч ирнэ. Гэсэн хэдий ч өнөөдөр цаг үе, хөгжил дэвшил бидэнд өөр шаардлага тавьж байна. Хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирсоор байх ёстой гэж үү.
Хурдан морь унаач хүүхдийг уралдааны үед гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, хэрвээ хохирол учирсан бол арилгуулах, уяачдын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилго бүхий даатгалын шинэ бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж эхэлжээ. Засгийн газраас энэхүү даатгалын шинэ бүтээгдэхүүнийг гаргах ажлыг хариуцах болжээ. Өмнө нь бүх насны уралдаанч хүүхдүүдийг 20 мянган төгрөг төлөөд даатгалд хамруулдаг байсан нь бүхэлдээ шинэчлэгдэж хүүхдийн нас, биеийн онцлог, эрүүл мэндэд тохирсон даатгал гарах нь.
Хурдан морийг шинжин уяа сойлго тааруулдаг түүхэн уламжлалаа хадгалж өв тээдэг уяач нарын хэлж буйгаар жилийн туршид морины уяа сойлгыг тааруулснаар уяачид, малчид хүлгийн “багийн” ажиллагаа юм билээ. Энэхүү багийн ажиллагааны ард нийт 40 мянга гаруй ажлын байр байдаг гэсэн судалгаа байна.
Мөн өөрсдийн сонирхлоор морины нуруун дээр дарцаглаж өссөн хүүхдийг уламжлалт соёл заншлаас салгахгүйгээр өвлүүлэн үлдээх үүрэг бидэнд буй. Бүгдээрээ төмөр хүлэг жолоодон уламжлалаа умартах биш морины сойлго тааруулах уяа, гийнгоо аялах хүлэгч хүүхдэдээ уламжлалт соёлоо үлдээх нь ч өнөө цагийн бидний үүрэг. Ийнхүү төрт ёсны уламжлалт соёлоо хамгаалан үлдээх, нэг талаас хүүхдийн эрхийг хамгаалах адармаатай асуудлуудын алтан тэнцвэрийг хадгалсан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар Шадар сайд хэлэлцүүлж батлуулжээ.
Түүнчлэн хурдан морь унаач хүүхдүүдийг тусгай даатгалд хамруулж уяачдын хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлж унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалж байгаа бөгөөд хүйтний улиралд хурдан морь унаач хүүхдүүдийн хамгаалалтын хэрэгслийн стандартыг өөрчлөх, хавар уралдах 12-оос дээш насны хүүхдэд тусгай хувцас хэрэглэлийн стандартыг нэмж батлах, мөрдүүлэхийг мэргэжлийн байгууллагад даалгажээ. Тоо баримт авч үзвэл, 2017 оны гуравдугаар сараас тавдугаар сарын 24-ныг хүртэлх хугацаанд Засгийн газрын тогтоолтой 3, аймгийн Засаг даргын захирамжтай 8, захирамжгүй 29 уралдаан болсноос 176 хүүхэд мориноос унаж 27 нь бэртэж, нэг хүүхэд амь насаа алдсан байна.
Үе үеийн Засгийн газраас олон нийтийн хүлээж байсан ч ажил хэрэг болгон шийдэж чадалгүй өнөөг хүрсэн уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл мэндээ алдах, сургууль завсардах эрсдэл рүү түлхэхийн эсрэг энэ Засгийн газар санаачилга гаргаж чадлаа.
24news.mn