Америкийн дуучид, “The Voice” шоуны шүүгчид болох Блейк Шелтон, Гвен Стефани нар хамтран дуулсан “Nobody But You” нэртэй хайрын дууныхаа клипийг "Youtube" цахим хуудсанд байршуулжээ. Энэхүү дуу Б.Шелтоны өнгөрсөн 12 дугаар сард гаргасан “Fully Loaded: God's Country” хэмээх цомогт багтжээ.
Хайр сэтгэлийн холбоотой болсноо 2015 онд олон нийтэд мэдэгдсэн Б.Шелтон, Г.Стефани нарын клипэнд хосын аз жаргалтай амьдралыг харуулсны зэрэгцээ кантри дуучны тэжээдэг нохой ч мөн гардаг байна. Өдгөө 43 настай Б.Шелтон, 50 настай Г.Стефани нарын хоёр өөр ертөнц нэгдэж, аз жаргалыг бүтээж буйг уг клипэнд дүрсэлсэн байна.
Б.Шелтон ирэх ням гарагт Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples” танхимд болох “Grammy” наадамд “God's Country” дуугаараа “Шилдэг кантри дуу” шагналд нэр дэвшжээ. Алдарт хос “Grammy”-гийн шагнал гардуулах ёслолын үеэр мөн уран бүтээлээ толилуулах ажээ.
24news.mn