2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Аббас Трампын төлөвлөгөөг хуйвалдаан гэв

Палестины удирдагч Махмуд Аббас үндэснийхээ телевизээр үг хэлэхдээ Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах АНУ-ын төлөвлөгөөг хуйвалдаан гэж нэрлэжээ.

“Иерусалим худалдагдахгүй, та нарын хуйвалдаан ч хэрэгжихгүй. Палестины ард түмний түүхэн эрхийг үл тоомсорлохыг бид зөвшөөрөхгүй. Бид Иерусалимд нийслэлтэй Палестин улс байгуулах төлөвлөгөөгөө тууштай баримтална” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

“Бид өвдөг сөхөрч, бууж өгөхгүй, Палестины асуудлыг зохицуулна гэх хуйвалдаан, хуурамч төлөвлөгөө бүтэлгүйтнэ” гэж тэрбээр цохон тэмдэглээд ард түмэндээ хандан энэ хүнд хэцүү цаг үед нэгдэн нягтарч, үндэсний төслийг үгүй хийх төлөвлөгөөнөөс татгалзахыг уриалжээ.  

“Зууны гэрээ”-г бид хүлээж авахгүй, Бидний байр суурь хоёр жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй бөгөөд өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. Бид Израилын төлөвлөгөөг таслан зогсоохын тулд эсэргүүцлийн фронтыг урьдал болгоно. Бидний эв нэгдэл шударга бус явдал, түрэмгийллийг эцэслэн зогсооно” гэж Аббас хэлсэн байна.

Үүний зэрэгцээ, Аббас олон улсын зуучлагч “дөрвөл”-ийн /ОХУ, АНУ, НҮБ болон ЕХ/ ивээл дор Израилтай хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Палестины Ерөнхийлөгчийн хэлснээр, 1967 онд тогтоосон хилийн шугамаар Палестин улс байгуулах нь энх тайван тогтоох цорын ганц арга зам юм. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн хамт мягмар гарагт танилцуулсан Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах төлөвлөгөөг хүлээж авахгүй гэдгээ тэрбээр мэдэгдлээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.