Австралийн төв болон зүүн нутгаар ирэх долоо хоногт агаарын температур нэмэгдэж, хүчтэй салхи дэгдэх төлөвтэй байгааг тус улсын Цаг уурын газрын мэргэжилтнүүд мягмар гарагт анхааруулжээ. Викториа, Шинэ Өмнөд Уэльс, Квинсленд мужид сүүлийн долоо хоногийн хугацаанд цаг агаар сэрүүн, чийглэг байсан юм.
Шинэ Өмнөд Уэльс мужийн зарим хэсгээр ирэх долоо хоногийн сүүлээр хэт халах төлөвтэй байгаа тул таатай уур амьсгал тийм ч удаан үргэлжлэхгүй бололтой гэж тус мужийн Цаг уурын газар өнгөрсөн ням гарагт “Twitter” хуудсандаа нийтэлжээ.
Цаг уурын сувгийн мэдээлснээр, даваа гарагийн байдлаар Шинэ Өмнөд Уэльст 58 түймэр, Австралийн нийт нутгийн хэмжээнд 100 гаруй түймэр дэгдэж байгаа аж. Түүнчлэн нийслэл Канберра хотод пүрэв гарагаас эхлэн агаарын температур Цельсийн 37 хэм давах төлөвтэй байна.
Нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан сонор сэрэмжтэй байхыг Шинэ Өмнөд Уэльсийн Гал түймэртэй тэмцэх газраас даваа гарагт “Twitter” хуудсаараа дамжуулан ард иргэддээ, ялангуяа төв болон зүүн өмнөд хэсгийн оршин суугчдадаа анхааруулжээ.
Үүнээс гадна Канберра хотоос баруун урагш 40 км зайд орших Намаджи цэцэрлэгт хүрээлэнд мягмар гарагт өргөн хүрээг хамарсан ойн түймэр гарчээ. 8 мянга гаруй га талбайг хамраад буй уг түймэр нисдэг тэрэгний буух зурвасын гэрлээс ялгарсан дулаанаас үүдэн гарсан байж болзошгүй гэж “Sydney Morning Herald” сонинд мэдээлсэн байна.
Австралийн Батлан хамгаалах яам ажилтнуудынхаа ажиллагааны улмаас гал түймэр гарсан явдалд харамсаж буйгаа илэрхийлээд, нисдэг тэрэгнээс болж дахин гал түймэр гарах эрсдлийг бууруулах зорилгоор цаг агаарын хүнд нөхцөлд буух зурвасын гэрэлтүүлгийг ашиглахгүй байхыг үүрэг болгожээ.
Австралид өнгөрсөн долдугаар сарын сүүлээс дэгдэж эхэлсэн ойн түймэр нь тус улсад сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд бүртгэгдээгүй томоохон түймэрт тооцогдож байгаа бөгөөд өргөн хүрээний газар нутгийг хамраад байна. Түймрийн улмаас улсын хэмжээнд 28 хүний амь нас эрсдэж, 1 тэрбум орчим хөхтөн амьтан, шувуу, хэвлээр явагч үрэгдсэн байна.
24news.mn