АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон тус улсын дээд албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хэлэлцээ хийхийр Киевт хүрэлцэн очжээ. Энэ тухай Украины Гадаад хэргийн дэд сайд Егор Божок “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.
“Украинд тавтай морил!” гэж тэрбээр бичээд Киев хотын нисэх онгоцны буудалд бууж буй Майк Помпеогийн зургийг нийтэлжээ.
Владимир Зеленскийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа АНУ-ын өндөр тушаалтан Украинд анх удаа айлчилж буй нь энэ юм.
Майк Помпео Украины удирдлагуудтай уулзахдаа, "тус улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг АНУ дэмжиж байгаа гэдгийг цохон дурдана" гэж Төрийн департамент мэдээлжээ. Айлчлалын үеэр хэлэлцэх гол асуудлуудын нэг нь Донбассын байдал байх бөгөөд энэ асуудлыг Помпео Укрианы Ерөнхийлөгч В.Зеленский, Гадаад хэргийн сайд Вадим Пристайко болон Батлан хамгаалахын сайд Андрей Загороднюктай хэлэлцэнэ.
Помпео хоёрдугаар сарын 1-нд Украинаас Беларусь улсыг зорино. Дараа нь тэрбээр Казахстан Узбекистанд айлчилна.
24news.mn