2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Коронавирусний улмаас бүх казиног хаана

Шинэ коронавирусний тархалтыг зогсоох зорилгоор хоёр долоо хоногийн хугацаанд бүх казиног хаахыг Макаогийн засаг захиргааны тэргүүн Хэ Ичэн үүрэг болгожээ.

"Ийм шийдвэр гаргах нь амаргүй байсан хэдий ч нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нь бүхнээс эрхэм билээ"  хэмээн Хэ Ичэн цохон тэмдэглэжээ. Сүүлийн өдрүүдэд Макаод коронавирусээр халдварласан дахин хоёр тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 10 болж нэмэгдсэн байна. Казиног хаах тухай шийдвэр гаргасан нь Хонконгийн хөрөнгийн бирж дэх “Galaxy Entertainment”, “Sands China”, “MGM” зэрэг мөрийтэй тоглоомын бизнес эрхэлдэг оператор компаниудын хувьцааны ханшийг унагажээ.

Хонконгоос баруун зүгт 60 км-т байрладаг Макао нь 670 мянган  хүн амтай бөгөөд Азийн мөрийтэй тоглоомын бизнесийн төв юм. Энэ газар нь мөрийтэй тоглоомыг хуулиар зөвшөөрдөг БНХАУ дахь цорын ганц газар бөгөөд Макаод тус салбар ид цэцэглэн хөгжиж байгаа юм. Эдгээр газрын эргэлт нь АНУ-ын Лас Вегас хотын үзүүлэлтээс хэд дахин илүү байдаг аж.

Бүх казиног хаасны улмаас мөрийтэй тоглоомын бизнест учрах хохирол хэдэн зуун сая ам.доллароор тоологдоно гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард энэ салбарын нийт эргэлт 2.8 тэрбум ам.доллар давсан байна.

 

“2019-nCoV” вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин Ухань хотод дэгдэж эхэлсэн тухай БНХАУ-ын эрх баригчид 12 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. БНХАУ-аас гадна энэ өвчний тохиолдол өөр 23 улсад бүртгэгдээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан билээ. Одоогоор энэ өвчнөөр халдварласан хүний тоо 20.4 мянганд хүрээд байгаа бол 426 хүн энэ өвчний улмаас нас барсан байна. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.