“2019-nCoV” вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин дэгдсэний улмаас БНХАУ-ын үндэсний агаарын тээврийн компаниудын зорчигчдын урсгал жилийн дундаж үзүүлэлтээс 12.1 хувиар буурч, нислэгийн тоо 353 мянга 700 болсон тухай тус улсын Иргэний нисэхийн удирдах газар мэдээлжээ.
Нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 4-ны хооронд Хятадын агаарын тээврийн компаниуд дотоодын 272 мянга 800, олон улсын 80 мянга 800 нислэг үйлджээ. Хоёрдугаар сарын 4-ний байдлаар нислэгийн тоо 2019 оны мөн өдрийнхтэй харьцуулахад 63.8 хувиар цөөрсөн байна.
Хятадын Ухань хотод “2019-nCoV” вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай тус улсын эрх баригчид 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр мэдээлжээ. БНХАУ-аас гадна уг өвчин дэлхийн 24 улсад бүртгэгдээд байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, Хятадад халдвар авсан хүний тоо 24 300 давж, 491 хүн нас барсан бол 892 хүн эдгэрчээ.
24news.mn