Их Британийн “OneWeb” компанийн харилцаа холбооны 34 хиймэл дагуулыг "Байконур" сансрын буудлаас ОХУ-ын "Союз-2.1б" зөөгч пуужингаар хөөргөж, тойрог замд амжилттай оруулсан тухай "Роскосмос" корпорац мэдээлжээ.
Энэ нь ОХУ хиймэл дагуул сансарт гаргасан энэ жилийн анхны хөөргөлт юм. 2020 онд тус улс "Байконур", "Восточный", "Плесецк" болон "Куру" сансрын буудлаас 40 гаруй хөөргөлт хийхээр төлөвлөж байгаа тухай өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр мэдээлсэн билээ. Хиймэл дагуулуудыг Москвагийн цагаар 00 цаг 42 минутад "Байконур" буудлын 31 дүгээр талбайгаас хөөргөж, тойрог замын 450 км-ын өндөрт гаргажээ.
Их Британийн “OneWeb” компанийн хиймэл дагуулуудыг Оросын "Союз" зөөгч пуужингаар хөөргөх гэрээг “Arianespace” болон “OneWeb” компанийн хооронд 2015 оны зургадугаар сард байгуулсан байна.
OneWeb компани дэлхийн орчмын тойрог замд 600 гаруй хиймэл дагуул байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2021 он гэхэд дэлхийн хэрэглэгчдэд 24 цагийн турш харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх аж.
24news.mn