Хятадын Ухань хотод амьдарч байсан Америкийн иргэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас нас барсан талаар Бээжин хот дахь АНУ-ын Элчин сайдын яам /ЭСЯ/ бямба гарагт мэдээлжээ. Хятадад коронавирусний халдварын улмаас гадаадын иргэн нас барсан тухай албан ёсоор мэдээлсэн анхны тохиолдол энэ юм.
ЭСЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, Америкийн 60 настай иргэн Ухань хотын Жиньиньтань эмнэлэгт энэ сарын 6-нд нас баржээ. Мөн Японы нэг иргэн Ухань хотод уушгины хатгалгааны улмаас нас барсан хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа боловч уг мэдээлэл хараахан батлагдаагүй байна.
АНУ шинэ төрлийн коронавирусний халдвар тархсан Хятад тэргүүтэй орнуудад 100 сая хүртэлх ам.долларын тусламж үзүүлэх санал тавьжээ. Уг мэдэгдлийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео баасан гарагт хийсэн байна. Хятадад коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас нас барсан хүний тоо бямба гарагийн өглөөний байдлаар 722 хүрчээ.
24news.mn