2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Коронавирустэй холбоотойгоор худалдааны хязгаарлалт тавихгүй байхыг уриалжээ

 БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ гишүүн орнуудад хандан коронавирусний халдвар тархсан гэх шалтгаанаар худалдааны хязгаарлалт тавихгүй байхыг уриалжээ. Энэ тухай Хятадын төлөөлөгч ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хорооны хурлын үеэр мэдэгдсэнийг Женев дэх худалдааны төлөөлөгчдийн нэг сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

“Хорооны хурал дуусахаас өмнө үг хэлсэн Хятадын төлөөлөгч ДХБ-ын гишүүд байгууллагынхаа дүрэм журмыг даган мөрдөж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэр хүнд, мэргэжлийн зөвлөмжийг хүндэтгэж, огт шаардлагагүй худалдааны хязгаарлалтыг өргөжүүлэхээс татгалзана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн” гэж эх сурвалж онцлон хэлжээ.

БНХАУ дэлхийн эдийн засагт том хувь нэмэр оруулдаг гэдгийг Хятадын төлөөлөгч сануулсан байна. Түүний хэлснээр, хэрэв "хэт их хариу үйлдэл" тус улсын эдийн засагт нөлөөлөх юм бол энэ нь ч мөн дэлхийн эдийн засагт зайлшгүй нөлөөлнө. Үүнтэй холбоотойгоор байгууллагын гишүүд “дэлхийн худалдааг хэвийн явуулах, бүх улсын ашиг сонирхлын үүднээс эдийн засгийг өсгөхийн тулд хамтран ажиллах ёстой” гэж тэрбээр хэлжээ. Хятадын төлөөлөгч ДХБ-ын гишүүдэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд Бээжин коронавирусний талаарх мэдээллийг нээлттэй, ил тод хэлбэрээр цаашид үргэлжлүүлэн солилцоно гэдгийг тэмдэглэн хэлсэн байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.