Шинэ коронавирусний тархалтаас үүдэлтэй хямралын улмаас Америкийн “Apple” компани баярын дараах улирлын ашиг орлогын төлөвлөсөн таамаглалаа хэрэгжүүлж чадахгүйгээ мэдэгджээ.
2019-2020 оны санхүүгийн жилийн эхний улиралд компанийн улирлын цэвэр ашиг орлого 11 хувиар нэмэгдэж, борлуулалт түүхэн дээд амжилт буюу 92 тэрбум ам.долларт хүрч өссөн юм. Компанийн улирлын цэвэр ашиг нь жилийн өмнө 19.97 тэрбум ам.долларт хүрсэн бол энэ жил 22.24 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний зэрэгцээ баярын дараах улиралд компани 63-67 тэрбум ам.долларын ашиг орлого олно гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна.
"Бид БНХАУ дахь салбаруудынхаа үйл ажиллагааг сэргээж эхэлж байгаа хэдий ч хэвийн байдалдаа эргэн орох үйл явц санаснаас удаан байна. Гуравдугаар сард дуусах улирлын орлогын таамаглал хоёр үндсэн шалтгаанаар биелэгдэхгүй гэж бид үзэж байна” хэмээн компанийн мэдэгдэлд дурджээ.
Эхний шалтгаан нь дэлхий дахинд iPhone гар утасны нийлүүлэлтийг түр хугацаагаар хязгаарлаад байгаа бол хоёр дахь нь шалтгаан нь БНХАУ дахь компанийн хэд хэдэн салбар дэлгүүрүүдийг хааж, жижиглэн худалдааны дэлгүүрүүдийн ажлын цагийг багасгасантай холбоотойгоор үйлчлүүлэгчдийн урсгал багасаж, компанийн бүтээгдэхүүний эрэлт буурсантай холбон үзэж байгаа аж.
24news.mn