2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Монголын Үндэсний Бөхийн Холбоо “Инвескор” санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллана

-Технологийн дэвшлийг бөхийн хөгжилд үе шаттай нэвтрүүлнэ-

Монголын Үндэсний Бөхийн холбооны (МҮБХ) Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр, МҮБХ-ны зөвлөх С.Мөнхсүх болон  “Инвескор” санхүүгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Баясгалан нар өнгөрсөн баасан гарагт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурж, хамтарч ажиллах болсноор Монголын үндэсний соёл уламжлалыг хөгжүүлэх, таниулах, дэлгэрүүлэх чиглэлд санаачилгатай, үр дүнтэй, бодит үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдлээ.

“Инвескор” ББСБ нь дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч байгууллага юм.  Иймд үндэсний бөхийн холбооны үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, Монгол туургатны өв соёлыг сурталчлах, хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлуудыг хийх боломжийг амжилттай нээлээ. Хамгийн чухал нь бөхчүүдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэх хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллах боломж нөхцөлийг бий болгож байна. Санамж бичгийг хэрэгжүүлэхдээ хоёр талаас баг томилж, жилийн хугацаатай хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж ажиллах бөгөөд аливаа асуудлыг шийдэхдээ зөвшилцөх зарчмыг баримтлах юм.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр “Инвескор” ББСБ-ын гүйцэтгэх захирал Д.Баясгалан “Манай компани өндөр технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч нартаа санал болгодог. Бид нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөр, санаачилгын хүрээнд спорт, боловсролын салбарыг дэмжин ажилладаг. Спортыг дэмждэг байгууллага гэдэг утгаараа МҮБХ-той стратеги түншлэлийн хүрээнд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Түүнээс гадна, Монгол бөх бол Монголын ард түмний өв соёл. Цаашдаа урт хугацаанд дэмжиж хамтран ажиллах болно” хэмээлээ.

МҮБХ-ны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “Монголын Үндэсний бөхийн холбоо “Инвескор” ББСБ-тай бөхийн хөгжилд өндөр технологи нэвтрүүлэх, холбооны ажилтны нийгмийн асуудлыг шийдэх, үзэгч олны сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор хамтарч ажиллахаар боллоо. Үндэсний бөх нь Монголын үнэт өв, соёл. Монгол хүний соёлын дархлаа болсон  энэхүү үнэт зүйлийг дэмжин ажиллаж байгаа “Инвескор” компанийн хамт олондоо баярлаж байна. Цаашдаа олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, холбооны үйл ажиллагаанд шинэ технологийг нэвтрүүлэхэд хамтарч ажиллах болно”  гэв.

Харин МҮБХ-ны зөвлөх С.Мөнхсүх  “Холбооны зүгээс бөхийн барилдааны дэд бүтэц, үзэгчийн эрэлт, бөхчүүд болон холбооны ажилтны нийгмийн асуудлуудыг шийдэхийн тулд шат дараатай арга хэмжээнүүд авч байна. Холбоо 30 орчим ажилтантай. Коронавирус цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, үйл ажиллагаа доголдсоны улмаас ажилчдын цалин, хөлсний асуудал үүссэн. Энэ асуудлыг “Инвескор” санхүүгийн байгууллагын тусламжтай шийдэж, хамтарч ажиллаж байна. Цаашид бид хамтын ажиллагааг улам өргөжүүлж ажиллах болно” хэмээв.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.