2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
БНХАУ АНУ-ын судалгааг хулгайлж байна гэх мэдээллийг няцаажээ

“Цуу яриа коронавирусийг ялахгүй, нэр төрд халдсанаар цар тахлыг даван туулахгүй” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь пүрэв гарагт мэдэгджээ.

БНХАУ “COVID-19”-ийн эм, вакцин, эмчилгээний талаарх АНУ-ын судалгааг хулгайлж байна гэж тус улсын Холбооны мөрдөх товчоо мэдээлсний дараа уг мэдэгдэл гарсан байна.

“Түүхийн хуудсыг сөхөж үзвэл, АНУ цахим тагнуулын ажиллагааг хамгийн их явуулж байсан. БНХАУ-ын хувьд вирусний эсрэг тэмцэлд хамгийн их ахиц дэвшлийг гаргаж, “COVID-19”-ийн эмчилгээ, вакциныг гарган авах чиглэлд тэргүүлж байна. Тиймээс манай улс илүү их болгоомжлох хэрэгтэй" гэж Жао Лижянь мэдэгджээ.

"АНУ-ын мэргэжилтнүүдийн явуулж буй “COVID-19”-ийн судалгааг БНХАУ-тай холбоотой бүлгүүд хулгайлахыг завдсан хэргийг мөрдөн шалгаж байна" гэж Холбооны мөрдөх товчоо, Цахим аюулгүй байдлын агентлагаас лхагва гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд тэмдэглэсэн юм.

“БНХАУ цахим халдлагын улмаас хамгийн их хохирол амсдаг хохирогчдын нэг бөгөөд цахим халдлагын бүх хэлбэрийн эсрэг үргэлж хуулийн дагуу хатуу арга хэмжээ авдаг” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.